Согтууруулах ундааны үйлдвэрлэл өмнөх оныхоос буурчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-13 13:25:54
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (12.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 (38.1%) их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 15.3 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.9-37.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-86.0 хувиар өссөн байна.


Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.3-22.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, архи, адууны мах, катодын зэс, малын тэжээл, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5-34.5 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 18.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (11.7%) их наяд төгрөгөөр өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.5 их наяд төгрөг буюу 68.1 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Холбоотой мэдээ