“Рашаантын улаан” уулын зүг явган аялал зохион байгуулна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-13 16:33:12

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын Уулын өдөрт зориулсан “Явган аялал”-ыг 12 дугаар сарын 14-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулна.

Аяллын хүрээнд Ховд аймгийн төвөөс 7 км зайд орших Рашаантын улаан уулын зүг явганаар алхах ба уулын оргил хэсэгт товлосон цэгт хүрэх аж.   

Энэхүү үйл ажиллагаа нь явган аяллын ач тусыг сурталчлах, уулын тухай олон нийтэд танин мэдүүлэх, оюутан, сурагч, залуу үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэх юм.

Аяллын бүрэлдэхүүнд одоогийн байдлаар “Хан Алтайн бүргэдүүд” уулчдын клуб, хэвлэл мэдээллийн байгууллага болон гэрэл зургийн клубийн төлөөлөл, ХИС-ийн БШТС-ын сургуулийн багш, оюутан, бусад сонирхогч аялагчид оролцохоор төлөвлөж байна.

Аяллын үеийн цаг агаарын төлөв нь багавтар үүлтэй, -7-14 хэм хүйтэн байх аж.

Аялал маргааш өглөө 08:30 цагт эхэлж, Ховд их сургуулийн урд талбайгаас замд гарна. Уулын алхалт ойролцоогоор 5-6 цаг үргэлжилнэ.

Мөн аяллын явцад уулархаг нутаг, өндөр уулын бүс дэх байгаль, газар зүйн онцлог, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төлөв байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын анхаарах зүйлс, гарц шийдлийн тухай ярилцана гэж албаны эх сурвалж мэдээллээ.   

Тус аялалд иргэд оролцох боломж нээлттэй бөгөөд тохиромжтой байдлаар дулаан хувцаслах, жижиг оврын үүргэвч, өдрийн хүнс бэлдэх, гар чийдэн, бусад шаардлагатай зүйлс авч ирээрэй гэв.

Аяллын ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн байгаль хамгаалах сан |WWF|, Ховд их сургууль, “Хан Алтайн бүргэдүүд” уулчдын клуб хамтран ажиллана.  

Холбоотой мэдээ