Авто зам, гүүр шинэчлэх ажилд 13,2 тэрбум төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-13 21:58:36

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн зарим авто зам, гүүрийг засч шинэчлэх ажилд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, Намирын голын модон гүүрийг шинэчилж, 48 у/м төмөр бетон гүүр, 5 км хайрган замыг барьж ашиглалтад оруулжээ. Мөн Өлгий, Өмнөговь, Зүүнговь сумын төвүүдэд тус бүр 1.2 км явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий цементэн хучилттай авто зам тавьсан байна. Тэрчлэн Улаангом сумын 1, 3, 7, 12-р багт явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам бүхий 6.89 км, Цагаанхайрхан, Сагил, Давст, Баруунтуруун, Тэс суманд тус бүр 1 км гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай авто замын ажлуудыг эхлүүлжээ.

Үүнээс гадна энэ онд Баруунтуруун сумын Туруун голын гүүр, Зүүнговь сумын Нарийны голын гүүрний ажлуудыг хийж гүйцэтгэсэн бол Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг эхлүүлээд байна. Орон нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаангом-Хандгайт чиглэлийн авто зам дагуу хяналтын пост барьж, байнгын ажиллагаанд оруулжээ.  

Энэ жилийн хувьд Хяргас нуурын Зүүн хаяа– Завхан аймгийн Сонгино сум чиглэлийн 135.5 км, Сонгино–Тосонцэнгэл чиглэлийн 163 км замыг тус тус ашиглалтад оруулснаар Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоод байна.

 

Холбоотой мэдээ