Бүс нутгийн орнуудыг хямд, найдвартай эрчим хүчээр хангах боломжтойг онцоллоо

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-16 08:23:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Умардын Эдийн засгийн хамтын ажиллагааны Хорооноос энэ сарын 4-5-нд Сөүл хотноо “Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын форум” зохион байгууллаа.


Форумд Азийн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид, судлаачид оролцож бүс нутгийн эдийн засгийн интеграцын өнөөгийн байдал болон хэтийн төлөв, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Шинэ Умардын бодлого, Зүүн хойд Азийн олон талт харилцаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, ложистик, дэвшилтэт аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Уг форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан оролцож нэгдсэн хуралдаанд үндсэн илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ, Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдах хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс бүс нутгийн улс орнуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүч нийлүүлэх өргөн боломж буйг онцлон тэмдэглэсэн байна.



Холбоотой мэдээ