“Мөсөн суварга” усан хангамжийн төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-16 10:37:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачлан “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аян хэрэгжүүлж эхэллээ.

Тус аяны хүрээнд орон нутгийнхаа байгаль, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инновац төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Эх байгалиасаа зөвхөн авах биш өгч тэтгэе” уриан дор хэрэгжүүлэх энэхүү төслийн санал авах хэлэлцүүлэг Жаргалант болон Мянгад, Үенч суманд боллоо. Хэлэлцүүлэгт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.

Энэ үеэр “Мөсөн суварга” усан хангамжийн инновац төслийн онцлог, цаашдын зорилго, зорилт, хүлээж буй үр дүн, ач холбогдлын талаар Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа танилцууллаа.


20 метр өндөр гурван мөсөн суварга босгоход 30 га газрыг хуурайшилтаас хамгаалж чадна 


Физикийн шингэний даралтын хуулийн дагуу саван дахь шингэн хэр өндөрт байрлаж байгаагаас хамаараад доош буух даралтын хэмжээ ихэсдэг зарчмыг ашиглаж, ямар ч цахилгаан эрчим хүч, түлш шатахуун, тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр усыг их хэмжээгээр нөөцлөхөд энэхүү төслийн утга учир оршиж байгаа юм.

Өндрөөс хөлдөж, хагардаггүй материалаар хийсэн хоолойгоор ус татаж доош тодорхой түвшинд аваачмагц 20-30 метр өндөртэй цамхагт босгож бэхэлнэ. Хоолойны төгсгөлд даралтаар ажилладаг ус цацруулагч бэхэлсэн байх ба өвлийн улирал эхэлж ус хөлдөж эхлэхэд суварга үүснэ.

20 метр өндөр мөсөн суварга үүсгэхэд  10 сая литр усыг хөлдүү хэлбэрээр нөөцөлж авах бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын дундаас аажим хайлсаар зургаадугаар сарын эцэс хүртэлх хугацаанд доод хөндийнхөө 10 га талбайг чийгээр хангана. Хэрвээ нэг уулын аманд 20 метр өндөр гурван мөсөн суварга босговол 30 га газрын бэлчээрийн талбайг хуурайшилтаас хамгаалж чадна гэж албаны эх сурвалж танилцуулав.  

“Мөсөн суварга” усан хангамжийн инновац төслийг гадаад орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа туршлага олон бий. Мөсөн суваргын анхны туршилтыг Энэтхэгийн Ладакх мужид далайн түвшнээс 2700 км-ийн өндөрт байрлах талбайд хийхэд 6 метр өндөртэй 150 мянган литр мөс нөөцөлж, агаарын хэм нэмэх 20 хүрэхэд тавдугаар сарын 18-ны өдөр гэхэд хайлж дууссан байна.

Туршлагаас харахад 30-50 метр өндөр мөсөн суварга босговол зургаадугаар сарын сүүл хүртэл усан хангамж тасалдахгүй байх боломжтой аж. Зуны улиралд ч цамхаг усыг ойр орчимдоо 40 метр тойрогт цацруулж их хэмжээний талбайг чийгшүүлэн бэлчээрийн ургамлыг тэтгэх боломжтой.

10 га усжуулсан бэлчээр нь  300 толгой малыг тэжээх өвс ургамлыг өгөх юм. Ус, урсгал бүхий ам болгонд мөсөн суварга босгож чадвал мал сүрэг өвс тэжээлээр дутахгүй хангалуун байх боломж бүрдэхээр байна гэж төслийн санаачлагчид онцлон хэллээ. 

Төслийг Ховд аймгийн нутаг дэвсгэр, тэр дундаа Алтайн нурууны уулсын гол, горхийг түшиглэн хэрэгжүүлэх аж. Ингэхдээ нутаг дэвсгэрийн яг хаана, аль хэсэгт нь мөсөн суварга бий болгох, хэрхэн байршуулах талаар нутгийн иргэдээс өдгөө санал авч байгаагаараа онцлогтой.    

Үүнээс гадна хэлэлцүүлгийн хүрээнд “Та монгол ээж” төслийн удирдагч, илтгэгч, судлаач багш Ц.Наранханд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекцээ олон нийтийн хүртээл болгов.   


Холбоотой мэдээ