НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-16 12:41:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьснаа өнөөдөр мэдээлэв.


Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл дагуулж буй юм. Тиймээс НӨАТ-ын татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан гэдгээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцоллоо.


Ташрамд дурдахад, Монгол Улсад 1998 оны долоодугаар сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. 

Холбоотой мэдээ