БХБ-ын сайд албан даалгавар гаргалаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-16 12:42:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа.

Үүнд, өвөл барилгын ажил нь түр хугацаагаар зогссон болон үргэлжлүүлэн гүйцэтгэх үед ХАБЭА-н шаардлага, барилгын ажлын талбайн орчны аюулгүй байдлыг ханган, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг ААН, байгууллагуудад даалгалаа.

Барилгын тухай болон ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага, өвлийн нөхцөлд барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.


Учир нь өвлийн улиралд ажил гүйцэтгэснээр барилгын даацын бүтээцийн бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилга байгууламжийн зураг төсөлд заасан бат бэх чанарт хүрэхгүй байх нөхцөл үүсдэг тул үүнээс сэргийлж хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч ААН-үүд барилгын норм, дүрэм, холбогдох стандартын шаардлагыг чанд мөрдөж ажиллаж байгаа эсэхийг байнга хянахыг мөн үүрэг болгов.


Албан даалгаврын заалтын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран 2020 оны 4 дүгээр сар хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулж, тайлан мэдээг 2020 оны 5 дугаар сарын 1-ний дотор БХБЯ-нд ирүүлэхийг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ