Хүнсний ногооны 10.7 хувийг дотоодоос хангажээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-12-16 13:21:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарт өрнөж байгаа үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Дорноговь аймгийн газар тариалангийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 170-аад айл өрх 2019 онд нийт 101.6 га талбайгаас 311,56 тонн  ургац хураан авчээ.

Мөн хүлэмжийн аж ахуйн 8949 м2 талбайд тариалалт хийж 27 тонн ургац хураан авсан нь хамгаалагдсан хөрсний аж ахуй 10 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн ХХААГ-аас онцолсон юм.

Аймгийн нийт хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 10.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж байна.

Цаашид газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд бага талбайгаас ашиг шим ихтэй ургац хураах, хүлэмжийн аж ах ахуйг хөгжүүлэх, хоршиж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын хэрэгцээний ихэнх хувийг хангадаг болох зорилт тавьсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.   

 

 “Атрын 60 жил”-ийн ойг угтсан бүтээлч ажил өрнүүллээ


Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Атар-60” бүтээлч ажил өрнүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж байна.

“Атрын 60 жил”-ийн ойг тэмдэглэх төлөвлөгөөнд тусгасан ажлын дагуу "Аймгийн тариалан эрхлэгчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн", "Тариаланчид дуулж байна" аймгийн анхдугаар уралдааныг тус тус зохион байгуулсан аж.

Дорноговь аймаг 2019 онд усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд төсөл, хөтөлбөр, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас нийт 420 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ.


Жар гаруй өрхөд хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор, хүлэмж, усалгааны систем олгожээ


ТЭДС-гаас 2016-2019 он хүртэл аймгийн хэмжээнд 43 өрхөд бага оврын “Foton lovol” 25 морины хүчин чадалтай трактор, 12 өрхөд 4х8, 6х20 м хэмжээтэй нийлэг хүлэмж, хоёр аж ахуйн нэгж 1-3 га-ын намираа усалгааны систем хөнгөлөлттэй зээлээр олгосон аж.

Харин нэг аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр Солонгос Улсын төмс, хүнсний ногооны иж бүрдэл “Мотоблок” нийлүүлсэн байна. Энэ оны 12 дугаар сарын байдлаар зээлийн эргэн төлөлтөд нийт 82905000 төгрөгийг төвлөрүүлээд байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн 78345000 төгрөг, хугацаандаа төлөгдөж байгаа 53750000 төгрөг байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Үүнээс  гурван иргэн, ААН бүрэн төлж барагдуулсан бол 13 иргэн хэвийн төлөлттэй байгаа ба найман иргэний 50,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлж эвлэрлийн гэрээ байгуулжээ. Иххэт сумын долоон иргэний 35,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлсэн байна.


Шинэ сорт туршиж байна


Аймгийн ХХАГ-аас төмсний элит үрээр аж ахуйн нэгжийн үрийг шинэчлэх зорилгоор “Мөнх-Ашиг” хоршоо, “Оржин” нөхөрлөлтэй гэрээ байгуулан  орон нутгийн төсвөөс таван сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй олгожээ.

Дорноговь аймагт анх 2011 онд Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулсан агро паркийн үйл ажиллагааг орон нутгаас “Мөнх-Ашиг” хоршоо гэрээгээр гүйцэтгэж говийн нөхцөлд тариалж болох хүнсний ногооны шинэ сортууд, төрөл бүрийн модлог ургамал тариалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэсэн юм.

Орон нутгаас Агропарктай хамтран “Монгол ногоо” төслөөс шинээр нэвтрүүлсэн төмс, хүнсний ногооны 23 сорт туршин шалгаруулах ажлыг хийсэн байна.

Мөн Агропаркийг түшиглэж  газар тариалангийн чиглэлийн 10 удаагийн сургалт зохион байгуулж аймгийн төв болон сумдын ногоочдыг хамруулсан аж. Эдүгээ амтат гуаны хоёр сортыг сорин туршиж энэ онд шинэ сортоор батлуулахаар бэлтгэж байна.


Хүлэмжийн тариалалтын талбай нэмэгджээ


Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Сайншанд сумын ЗДТГ-аас хүлэмжийн аж ахуйн бүс нутгийг ИТХ-аар батлуулжээ.

Үүний дагуу “Нарлаг” хүлэмжийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Сайншанд суманд 920 м2 талбай бүхий нарлаг хүлэмж байгуулах хоёр иргэний төслийг дэмжиж ЖДҮХС-гаас 47,0 сая.төгрөгийг  санхүүжүүлснээр 800 м2  нарлаг хүлэмж байгуулан үйл ажиллагаа явуулж байна .           

 2019 онд ХХААХҮЯ-ны урт хугацааны хүлэмжийн зээлд зургаан иргэнийг хамруулсан ба газар тариалан эрхлэлт ойжуулалтыг дэмжих сангаас зургаан өрхөд бага оврын хүлэмж олгосноос гадна хоёр иргэн, аж ахуй нэгж Сум хөгжүүлэх сангаас болон өөрийн хөрөнгө оруулалт нийт 10,0 сая төгрөгөөр 240 м2 талбай бүхий хоёр хүлэмжийг байгуулснаар аймгийн хэмжээнд зургаан хүлэмж шинээр нэмэгдэж нийт 8949 м2 талбайд хамгаалагдсан хөрсний тариалалт хийж 27 тонн ургац хураан авээ.

Энэ нь өмнөх оноос тариалсан талбайн хэмжээ 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Холбоотой мэдээ