О.Дамбийням: Энэтхэг улс хөгжиж буй орнуудын дуу хоолой болохыг эрмэлзэж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-18 13:18:32
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Гадаад хэргийн яамны Гадаад албаны институтээс манай улсын дипломатч, судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй багийг 14 хоногийн хугацаатай хүлээн авчээ. Тус сургалт, судалгааны багийн бүрэлдэхүүнд багтсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямтай Энэтхэг улсын баримталж буй гадаад бодлогын талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

 

-Саяхан Энэтхэгт Монголын 25 дипломатчийг сургалтад хамруулсан. Сургалтын гол зорилго чиглэл юу байв?

-Энэтхэгийн Гадаад харилцааны яамны Гадаад албаны институтээс зохион байгуулсан сургалтад хамрагдаад ирлээ. Сургалтын судалгааны багийн бүрэлдэхүүнд, Монгол Улсын ГХЯ болон зарим их сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын 25 хүн багтсан. Сургалтын гол зорилго нь Энэтхэгийн гадаад бодлогын талаар мэдээлэл авах, ярилцах, судалгаа хийх явдал байлаа. Түүний хажуугаар дэлхийн гайхамшиг Таж махал, Хинду шашны Ашкардхам сүм зэрэг түүх, соёлын дурсгалт газартай танилцсан. Бүх зардлыг Энэтхэгийн тал даасан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү сургалт, судалгааны ажлаас гадна өөрсдийн санаачилгаар Неругийн их сургуулийн Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын судалгааны төв зэрэг газарт зочлон сонирхсон асуудлаар ярилцаж, холбогдох судалгааны ажил хийлээ.  Нийт 14 хоногийн хугацаанд их үр дүнтэй яваад ирсэн.

 

-Та мэдээж олон улсад дипломат төлөөлөгчөөр суусан байх. Энэтхэг улсын онцлогийг дипломат хүний хувьд та хэрхэн үздэг вэ?

- Энэтхэг бол эртний соёл иргэншлийн өлгий нутаг гэдгээрээ онцлог. Нөгөө талдаа Энэтхэгт дэлхийн бүх шашин байдаг. Түүнчлэн 10 гаруй хэлтэй, олон үндэстний нутаг. Хүн амаараа дэлхийд хоёрт ордог,  1.4 тэрбум хүн амтай, манай гарагийн хамгийн том ардчилсан улс. Эдийн засгийн хувьд, ДНБ нь гурван триллион ам.доллар, дэлхийд тавдугаарт жагсдаг. Үүнийгээ ойрын хэдэн жилд өсгөж таван триллионд хүргэснээр дэлхийд гуравт орох төлөвлөгөөтэй байна. Засаг захиргааны хувьд ч өвөрмөц. 30 орчим муж улс, долоон холбооны улсын нутаг дэвсгэртэй.  Улс төрийн хувьд, Үндэсний хэмжээний ес, муж улсын 53, орон нутгийн хэмжээний 50 намтай. Ингээд нийтдээ улс төрийн 110 гаруй нам ажилладаг. Эдгээр намыг түвшин түвшнээр нь ангилаад сонгуульд оролцуулдаг. 

Энэ удаагийн 14 хоногийн сургалт, судалгааны ажлаар явж байхад энэтхэгчүүд бидэнд ихээхэн найрсаг хандаж байгааг мэдэрсэн. Энэтхэгчүүдийн энэ элгэмсэг хандлага нь зохион байгуулалтын ажлын жижигхэн зүйлд ч  илэрч байсан нь хоёр орны харилцаа улс төр, эдийн засгийн төдийгүй ард түмний хооронд ч сайн байгаагийн нотолгоо юм. 

 

-Улс төрийн намуудыг гурав ангилж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Бодлого, үйл ажиллагааных нь цар хүрээнд зохицуулан зэрэг дэв тогтоосон юм болов уу гэж ойлгосон. Манай улсын хувьд, УИХ-д төлөөлөлтэй намыг бодолцвол гурав дөрөвхөн нам л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Энэтхэг улсын намыг түвшнээр нь ангилдаг дээрх жишгийг бид бодолцоход гэмгүй гэж  санагдсан. Намын бодлого, үйл ажиллагаа нь эцэстээ гишүүний тоо хэмжээ,  боловсон хүчнийх нь чадварын илэрхийлэл юм. Энэ талаас нь харахад манайхны хувьд бодох харгалзах зүйл нэлээд байна. Тухайлбал, Парламентад суудалгүй бол Үндэсний нам гэж үзэхгүй. Мужийн хууль тогтоох байгууллагад сонгогддог намыг мужийн нам гэж тооцдог юм билээ. Аль ч нам сонгуульд оролцох эрхтэй ч сонгуулийн дараах үр дүнг үндэслэн үндэснийх үү, муж улсынх уу гэдгийг нь тогтоодог.

 

-Тэгэхээр Энэтхэг улс гадаад бодлогоо ямар онцлогоор таниулахыг чухалчилж байна. Ер нь дэлхийн улс төрд ямар нөлөөтэй оролцож байна вэ?

-Энэтхэг улс бол Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг анх санаачилсан онцлогтой. Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру тухайн үеийн Югославын удирдагч Иосиф Броз Титотой тохиролцсоноор, олон улс энэхүү хөдөлгөөнийг үндэслэсэн түүхтэй. Энэ хөдөлгөөн одоо ч дэлхийн тавцанд ажиллаж байна. Үүнээс гадна, Энэтхэгийн үндэсний удирдагч Махатма Ганди “Хүч хэрэглэхгүй ертөнцийг бий болгоё, Энх тайвнаар хамтарч ажиллъя” гэсэн уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд, Энэтхэг улс сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа орнуудын дуу хоолой болж, тэдний энх тайван, тогтвортой хөгжил, эдийн засагт туслахыг эрмэлзэж ирсэн. 

Энэтхэг улсын гадаад бодлогын үндсэн таван зарчим байна. Нэгдүгээрт, аливаа улс үндэстний тусгаар тогтнолыг хүндэтгэх, хоёрдугаарт, бүх улс оронтой бүрэн хамтран ажиллах, гуравдугаарт, хамтын ажиллагаандаа аюулгүй байдлыг эрхэмлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Энэтхэг улс аль ч улс орон руу довтлохгүй, түрэмгийлэхгүй гэсэн бодлоготой. Дөрөвдүгээрт, хамтдаа хөгжих. Тавдугаарт, хүн төрөлхтөн нэг гэр бүл,  дэлхий нийтээрээ нэг зорилготой байх ёстой гэсэн философид тулгуурлан бүх улс оронтой хамтран ажиллах гэсэн эдгээр 5 зарчим юм.  

Ерөнхийдөө, нэн тэргүүнд хөрш орнуудтайгаа сайн харилцаа бий болгоно гэсэн гадаад бодлогыг баримталдаг. Тухайлбал, БНХАУ-тай олон талаар хамтран ажиллахын тулд “Бүс ба зам” санаачилгыг анхааралтай судалж байгаа аж. Гэхдээ “Бүс ба зам”-ыг нээлттэй биш хэмээн шүүмжлэх маягтай. Том, жижиг улстай хамтдаа хөгжинө гэдгийнх нь нэг жишээ хэлэхэд, Бангладеш улсад 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж хамтран ажиллаж байгаа юм. “Look East” буюу дорно дахиныг анхаарах бодлогоо “Act East” буюу дорно дахинтай хамтран ажиллаж, харилцах гэсэн бодлого болгосон. Япон улсаас гэхэд, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Делигээс Мумбай хотыг холбох суман галт тэрэгний төслийг хэрэгжүүлж байна. 

Мөн төв Азитай холбогдох гэсэн бодлого баримталдаг. Үүнийг эрчим хүчний, аюулгүй байдлын буюу терроризм, экстренизмын эсрэг тэмцэх, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад чиглүүлдэг. 

Стратегийн түншлэлийн хувьд олон улс, тэр дундаа Европын холбоо, АНУ, ОХУ, БНХАУ-тай нягт хамтран ажиллах бодлого баримталж байна. Гадаад бодлогын бас нэг онцлог нь өмнөд Ази болон Африкийг энх тайван, хөгжил цэцэглэлтийн бүс болгох зарчимтай. Ингэхийн тулд, өөрийн талаас идэвх зүтгэл гаргаж оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буй юм.  

Нөгөө талаар Энэтхэгийн далайтай холбоотой асуудалд идэвхтэй ажиллахын сацуу олон улсын байгууллагын шугамаар дамжуулан бодлогоо ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэхийг эрмэлздэг. Түүнчлэн Энэтхэгийн “бренд” болсон соёл, уламжлалт эмчилгээ, йог гэсэн чиглэлээр хамтран ажиллах бодлого явуулж байна.

Мөн гадаад бодлогынх нь нэгэн сонирхолтой зүйл нь эдийн засаг, мөнгө санхүүгийн талаасаа Умард-Өмнөдийн харилцаа зайлшгүй байх ёстой, хөгжингүй орон нь хөгжиж буй орондоо туслах үүрэгтэй гэсэн зарчим юм. Нөгөө талаас Өмнөд-Өмнөдийн харилцаа нь сайн санааных гэж үздэг. Нөгөөтэйгүүр, аливаа гадаад харилцаа, түүний дотор эдийн засгийн харилцаанд тухайн хүлээн авагч орны ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Түүнээс биш хөгжингүй орнууд өөрийн ашиг сонирхолд нийцүүлж хүлээн авагч орнуудад тулган шаардаж болохгүй гэсэн томьёолол нь аятай санагдсан.

Энэтхэг улс нь Нарны эрчим хүчний холбоо, Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн холбоо байгуулах зэргээр хамтран ажиллах санаачилга дэвшүүлж байна. Үүнээс гадна ядуурлыг нийгмийн бохирдол хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрч, дэлхий даяар ядуурлын эсрэг ажиллах уриалга дэвшүүлж байгаа юм байна.

 

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад үр дүнгээ өглөө, тийм үү?

-Манай улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилт тавьж, бодлого гарган ажилласаар ирсэн. Үүнийг Энэтхэгийн Засгийн газраас дэмжиж, нэг тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор тохирсон. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийсэн айлчлалын үр дүнд  газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай 236 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг нэмж авахаар тохирлоо.  Үндэсний эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө төр, засгаас шат шатандаа чармайн ажиллаж байна. Энэ төслийг хугацаа алдалгүй, яаралтай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт. Миний ойлгож байгаагаар, газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад Монгол Улсад 20 орчим жижиг туслах үйлдвэр, газрын тос нэрэх үед ялгарч гарсан бүтээгдэхүүнийг ашиглах үйлдвэр  байгуулагдана. Үүнийг бид газрын тосны үйлдвэрийнхээ хажуугаар эртнээс давхар төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна. 

 

-Энэ мэтээр хоёр улс ардчилал, хүмүүнлэг, соён гэгээрүүлэх чиглэлд нягт хамтран ажиллаж байна. Энэтхэг улсаас манай улсад үзүүлж буй тусламж дэмжлэгээс та юу юуг онцлох вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр бол сүүлийн үеийн нэгэн жишээ. Ер нь манай улсын хүсэл сонирхлын дагуу Энэтхэгийн тал олон талын буцалтгүй тусламжаар дэмжсэн байдаг. Тухайлбал, ШУТИС-ийн Компьютер техник мэргэжлийн сургууль, Гандигийн нэрэмжит Техникийн сургууль, мөн ХӨСҮТ-өөс гадна Гамшгийн дараах тусламж зэрэгт хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж үзүүлж байсан. Манай улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж 20 сая гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байв. Энэ бол хоёр орны улс төр, соёл, түүхийн сайн харилцааны илрэл нь манай үндэсний эрх ашигт тохирсон, бидний хүсэл эрмэлзлэлд чиглэж байгааг харуулж байна. Нөгөө талдаа, манай улс гадаад харилцааг эдийн засагжуулах, гадны хөрөнгө оруулалтыг татах зорилтоо амжилттай биелүүлж байгаагийн илрэл. Манай улс бол Азийн ардчилсан улс. Тэр утгаараа хоёр улс зөвхөн мөнгөтэй холбоотой асуудлаар биш, ардчилал, хүмүүнлэг, соён гэгээрүүлэх чиглэлд нягт хамтран ажиллаж байгаа маш олон жишээ байдаг. 

 

-Харин Монгол Улсаас Энэтхэг улсад ямар байдлаар дэмжин тусалж байв?

-Ер нь тусламжийн хэлбэр нь заавал хөрөнгө санхүү, бараа материал өгч байгаа эсэхээр хэмжигдэхгүй. Олон улсын харилцаанд аль нэг улсын бодлогыг дэмжих, мэдэгдэл гаргах, олон улсын сонгуульд санал өгөх зэрэг нь тусламжийн нэг хэлбэр байдаг. Энэтхэгт тусалсан бараа, материал их байна уу, байхгүй байна уу гэдэг нь чухал биш. Манай улс Энэтхэгийн байр суурь,  олон улсын байгууллагад дэвшүүлж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж ирсэн. Сүүлийн 4-5 жилд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр, ЮНЕСКО, Олон улсын эрх зүйн комисс, Хүний эрхийн зөвлөл, Далайн байгууллагын зөвлөл зэрэгт Энэтхэг улсыг зургаан удаа дэмжиж санал өгсөн байна. Энэ нь манай талаас Энэтхэгт үзүүлж буй дэмжлэгийн нэг тодорхой хэлбэр юм.

 

-Хоёр улс холбоо харилцааны нэн эртний уламжлалтай. Гэхдээ 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн баяжиж байна вэ?

-Монгол, Энэтхэг улс оюун санааны хувьд нэн эртний холбоотой. Ялангуяа, энэтхэгчүүд манай улсыг оюун санааны хөрш хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, бурхан шашнаараа бид холбогдож байна. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру Монгол Улсыг  НҮБ-д гишүүнээр элсэхэд дэмжиж индрээс  үг хэлж байсан. Тэрбээр, эртний соёл иргэншилтэй Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх нь зүйтэй гэдгийг онцлон дурдаж байсан. Энэ нь манай улсыг 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэхэд томоохон дэмжлэг болсон юм. Ер нь Чингис хаан Ази, Европыг холбосон аюулгүй замыг бий болгож, элчийг хүндэтгэн, онцгой эрх олгож байсан нь одоогийн дипломат дархан эрхийг үндэслэсэн хэрэг гэж олон улсад хүлээн зөвшөөрч байна.  

Монгол Улс, БНЭУ-тай 1955 оны 12 дугаар сарын 24-нд Элчин сайдын түвшинд  дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр тал харилцаагаа төрөл бүрээр хөгжүүлсээр ирсэн. Дипломат харилцаа тогтоосноос дөрвөн жилийн дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Энэтхэгт айлчилж байсан. Ингэхдээ, соёлын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Харин энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчиллаа. Ерөнхийдөө манай хоёр улс төр, засгийн дээд түвшин, хууль тогтоох дээд байгууллага, ГХЯ-ны удирдлагуудын түвшинд харилцан айлчилсан. Хоёр улс одоогоор хамтын ажиллагааны 52 баримт бичиг байгуулжээ.  Үүнд мэдээж, Эдийн засаг, соёл хүмүүнлэг, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагааны асуудал туссан. Хоёр талын худалдааны эргэлт 60 сая гаруй ам. долларт хүрлээ.

 

-Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилд 50 орчим хувиар нэмэгдсэн. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар, хоёр орны худалдааны эргэлт 60 сая гаруй ам.долларт хүрсэн ч манай улсын импорт 60.1 сая ам.доллар, экспорт 1.8 сая ам.доллар гэсэн дүн мэдээ байна. Манай улс экспортоо нэмэгдүүлэхэд юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд улам нэмэхээр талууд идэвхийлэх болсон. Манай улсын хувьд, Энэтхэгт гаргаж байгаа голлох бүтээгдэхүүн нь ноос ноолуур юм. Сүүлийн үед Энэтхэгийн тал манайхаас арьс шир авахыг сонирхож байна. Манай улс жилд 10 сая мал нядалж, түүний арьс ширийг боловсруулсан болон түүхийгээр нь БНХАУ руу нийлүүлдэг. Бидэнд Энэтхэгийн хэрэгцээ, хүссэн хэмжээнд нийцсэн арьс ширийг нийлүүлэх боломжтой гэж үздэг. Гэхдээ гадаад улсын хүсэлтийг хэрэгжүүлэхийн сацуу өөрийн бүтээгдэхүүний чанарт анхаарах нь зүйтэй юм. 

 

-Малын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Сонирхуулж хэлэхэд, шивээтэй газар бэлчсэн хонины арьсыг боловсруулахад тодорхой хэмжээний нүх үүссэн байдаг. Арьс нүхтэй байна гэдэг нь бүтээгдэхүүний чанарыг муутгаж байгаа юм. Тиймээс бид арьс, ширийг экспортод гаргахын тулд, шивээтэй газраар малаа бэлчээхгүй байх, ерөөсөө малаас гарах бүтээгдэхүүнүүдийг сайжруулах талаар  малчиддаа зөвлөгөө өгөх, хамтран ажиллах шаардлагатай.

 

-Энэтхэг улс манай улсаас малын гаралтай түүхий эд, тэр дундаа малын өлөнг эрүүл мэндийн салбарт ашиглах сонирхолтой байгаа талаар Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд болсон бизнес уулзалтын үеэр ярьж байсан?

-Малын өлөнгөөр мэс заслын нарийн мяндсан утас хийх, хүнсний зорилгоор ашиглах гэх зэрэг олон хэлбэр байдаг. Энэтхэгийн тал манай өлөнг сонирхож байгаа. Тиймээс бид энэ мэтээр малынхаа түүхий эдийг экспортод гаргахдаа, бүтээгдэхүүнийхээ чанарт маш сайн анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд, өлөнг экспортлох талаар ярихад малыг ямар газарт бэлчээхийг давхар бодох хэрэгтэй. Мэдээж нэмэгдэл тэжээл, аливаа төрлийн бордоо өгөх бол тэдгээрийн найрлагыг бодолцож, өлөнгийн чанарт болон бусад бүдээгдэхүүн, махны чанарт нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг тооцох нь зүй.  

 

-Сүүлийн үед манай оюутан залуус Энэтхэгт суралцах эрмэлзэлтэй болсон байна. Ер нь Энэтхэг улс боловсролын салбарт хэр зэрэг үнэлэгддэг вэ?

-Саяны сургалтын явцад бид Энэтхэгийн гадаад бодлогоос гадна тус улсын хөгжил цэцэглэлтэй танилцсан. Энэтхэг улс бол яах аргагүй боловсролын салбарынхаа үнэлгээгээр дэлхийд дээгүүрт ордог гэсэн ойлголт авсан. Тооны хувьд хэлэхэд, 900 орчим их, дээд сургууль, 40 мянга орчим коллежтой. Нөгөөтэйгүүр, албан ёсны хэл нь англи хэл учраас гадаадаас оюутнууд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр очиж суралцах хүсэлтэй байдаг. Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас “Энэтхэгт суралцъя” гэсэн компанит ажил өрнүүлээд байна.

2000 он гэхэд л 10 мянга хүрэхгүй гадаад оюутан суралцаж байсан бол одоо энэ тоо 5 дахин нэмэгдэж 50 мянга болсныг албаныхан дуулгаж байсан. Ерөнхийдөө Энэтхэгт гадаад оюутнууд эм зүй, компьютер, худалдаа, удирдлагын чиглэлээр суралцах, эрдмийн зэргээ дээшлүүлэх сонирхолтой байдаг юм байна. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн Засгийн газраас 2023 он гэхэд дэлхийн 35 орноос 200 мянган гадаад оюутныг өөрийн улсад суралцуулах бодлого тавьж, ингэхдээ, ирсэн оюутны 50 хүртэлх хувийг элсэлтийн зардлаас чөлөөлөх бодлого баримталж байна. Ердөө дөрөвхөн жилийн дотор л гадаад оюутныхаа тоог дөрөв дахин нэмэхээр төлөвлөсөн. Энэ нь Энэтхэгт суралцах оюутнуудын хүсэлт их байгааг харуулж байгаа юм. Энэ нь Энэтхэгийн боловсролын салбар дэлхийд дээгүүрт үнэлэгдэж байгааг нотолж байна. 

АНУ, Европын оюутныг богино хугацааны сургалтад түлхүү хамруулж, урт хугацааны сургалтад Ази, Африкийн хөгжиж буй орныхныг хамруулах сонирхолтой юм билээ.

 

-Энэтхэг улс мэдээллийн технологио сайн хөгжүүлсэн улс. Манай улсын 10 мянган залууг мэдээлэл технологи, аутсорсингийн чиглэлээр сургах хөтөлбөр эхлүүлсэн. Тэднийг энэ мэргэжлээр сургахад юуг анхаарах нь зүйтэй вэ?

-Бидэнд сургалтын үеэр мэдээллийн технологийг хэрхэн хөгжүүлж байгаа тухай тодорхой баримтыг өгсөн. Ялангуяа, сонгуулийн санал хураалтад мэдээллийн технологийг ашигласнаар, огт будлиан гараагүйг онцолж байсан. Манай улс Энэтхэгийн мэдээлэл технологи, аутсорсингийн чиглэлд хамтран ажиллаж байна. Үүнийг манай тал зөв ашиглахын тулд, энэ мэргэжлээр сурахаар явж байгаа хүмүүст, орон нутагт харилцаа холбоог хөгжүүлэхэд ийм чиглэлээр суралцах хэрэгтэй, сонгуулийн цахим санал хураалтын систем бүтээхэд тийм зүйл сурах хэрэгтэй гэхчлэн чиглэл өгч явуулах хэрэгтэй гэж бодож байна. Европоос гэхэд Эстони улс нийгмийнхээ бараг бүх салбарыг цахим үйлчилгээнд оруулсан юм билээ.  

 

-Дипломатч хүний хамгийн эрхэмлэх ёстой чанарыг та юу гэж боддог вэ?

-Дипломатч хүний эрхэмлэх чанар бол үндэснийхээ эрх ашгийг бодолцож, түүнд тулгуурлан улс орноо хөгжүүлэх, гадаад таатай орчинг бий болгоход чиглэж ажиллах ёстой. Ингэхдээ, өөрийн болон тухайн суугаа орныхоо дотоод нөхцөл байдал, гадаад бодлогыг сайн ойлгодог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн орны нөөц боломж, нөхцөл байдлыг харгалзан өөрийн улс оронд хэрэгтэй зүйлээ илэрхийлдэг байх юм. Тухайлбал, манай улс өөрийн хэрэгцээ шаардлагыг тухайн орны гадаад бодлогод нийцүүлэн газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай зээлийн санхүүжилт авахаар боллоо. Энэ нь манай төр, засаг, ГХЯ-наас олон жил баримталж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Түүнчлэн энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд идэвх зүтгэлтэй ажилласныг энд зориуд цохон тэмдэглье. Энэтхэгт ажиллахдаа, тухайн орны гадаад бодлогыг өөрийн орны шаардлага хэрэгцээтэй зөв зангидсан гэж би боддог.

Холбоотой мэдээ