Орос-Беларусь: Хамтдаа мэт боловч яг цугтаа биш

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-12-18 17:52:12

В.Путин, А.Лукашенко хоёр Холбооны улс байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэж байна. Гэхдээ Орос, Беларусь хоёр улс түүхийг өөр өөр өнцгөөс харж байгаагаас үүдэн маргаантай олон асуудал үүсч буй талаар Испанийн “El País” сонины сурвалжлагч Пилар Бонет өөрийн хийсэн дүгнэлтүүдийг уншигчидтайгаа хуваалцжээ. 


Хамтдаа мэт боловч яг цугтаа биш. Энэ үгээр яг 20 жилийн өмнө байгуулагдсан Орос-Беларусийн Холбооны улсын тухай гэрээнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хэрхэн ханддаг вэ гэдгийг товчхон тодорхойлж болно.


Холбооны улсын гэрээ нь хоёр улсын эдийн засаг, хууль эрхзүй, санхүүгийн интеграцийн үйл явцыг урагшлуулахад чиглэсэн бөгөөд гэрээнд Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин /2007 онд нас барсан/, Ерөнхийлөгч Лукашенко нар гарын үсэг зурсан билээ. 1994 онд төрийн эрхэнд гарсан Лукашенко бол Европын удирдагчдын дотроос албан тушаалаа хамгийн удаан хугацаанд хашиж буй удирдагч юм.

20 жилийн өмнө 

Холбооны гэрээний хүрээн дэх интеграцийн түвшин, эрх мэдлийг хуваарилах асуудал нь ЗХУ-ын үеийн зохион байгуулалтын загвартай төстэй байна. Зөвлөлтөөс хойших орон зай дахь Москвагийн хамгийн ойрын түнш бол Беларусь, гэсэн хэдий ч Минск, Москва хоёрын албан ёсны байр суурийг ажваас, нэгдмэл улс байгуулах урьдчилсан нөхцөл бүрэлдээгүй байна.  


Беларусийн Дүн шинжилгээний төвөөс 8 дугаар сард явуулсан санал асуулгын дүнг үзвэл, тус улсын иргэдийн 75,6 хувь нь хил нь нээлттэй, визгүй, гаальгүй Беларусь, Орос гэсэн тусгаар тогтносон хоёр улсын найрамдалт харилцааг эрхэмлэж байгаа бол 15,6 хувь нэг улс болж нэгдэх нь зүйтэй үзэж байгаа ажээ.


Эдийн засгийн үүднээс харвал, Лукашенкогийн дэглэм нь Беларусьт хий, газрын тос нийлүүлж, санхүүгийн тусламж үзүүлж буй Москвагаас хамааралтай. Путиний хувьд Беларусь бол Хойд Атлантын эвсэлтэй /НАТО/  залгаа хил дээрх геостратегийн гол түнш нь юм. Түүнээс гадна, Оросоос Европт нийлүүлж буй хий, газрын тос Беларусийн нутгаар дайран өнгөрдөг. 


Холбооны гэрээг байгуулсан 1990-ээд оны үед Ельцин маш сул байсан бөгөөд Оросын сөрөг хүчний зарим төлөөлөгчид “Лукашенко Оросын бүс нутгуудад нэр хүндтэй хүн учраас ирээдүйд байгуулагдах нэгдмэл улсын удирдагч болно” гэсэн итгэл найдварыг тээж байв. Гэвч 2000 онд Владимир Путин Оросын Ерөнхийлөгч болсноор эл найдвар замхарсан юм.  


Өдгөө Лукашенко өөртөө тун даруухан зорилго тавиад байгаа. Энэ нь Беларусийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, засгийн эрхэнд үлдэх явдал юм. 2020 ба 2025 онд болох сонгуулиудад нэрээ дэвшүүлнэ гэдгээ тэрбээр мэдэгдсэн. 21 зуун гарснаас хойш Беларусьт болсон бүх ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиудын дүнг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй, учир нь, сонгуулийн явцад олон улсын хэм хэмжээг зөрчсөн байна. Энэ нь 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд ч мөн хамаатай.


Газар зүйн ойрхон оршдог гэдгээрээ Беларусь улс бол Кремлийн явуулж буй бодлогод чухал байр суурь эзэлдэг. Нутагт нь цэргийн нисэх хүчний бааз байгуулахын тулд Москвагийн зүгээс Минскт шахалт үзүүлж байсан. Үүний хариуд Беларусь улс Оросын хий, газрын тосыг хямд авах боломж бий. Тэдгээр түлшний зарим хэсгийг Беларусьт боловсруулсны дараа дахин экспортлоод эхэлжээ.


Улс төрийн томоохон интеграцид орохыг Лукашенко хүсэхгүй байгаа, яагаад гэвэл түүний дэглэмд санхүүгийн тусламж л хэрэгтэй хэмээн шинжээч Александр Федута ярьж байна. 1994 онд Беларусийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан түүний дүгнэн хэлснээр, Путин засгийн эрхийг барьж байхын тулд Холбооны улс байгуулахаас татгалзжээ. Хэрвээ нэг улсаас давсан бүтцийг тэргүүлэх аваас ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачевт тохиолдсонтой ижил нөхцөл байдалд орж болзошгүй байлаа. Сонгогч олонтой ямар ч холбоогүй, гишүүн орнуудын удирдагчидтай байнга сөргөлдөж байдаг тийм л ерөнхийлөгч болно гэсэн үг.


Орос ба Барууны орнуудын дунд оршдог давуу байдлаа хэрхэн ашиглах вэ гэдгээ Лукашенко маш сайн мэдэж байгаа. Украины Ерөнхийлөгч В.Янукович үүнийг ашиглаж чадаагүйн улмаас сүйрлийн цохилт амссан билээ. Беларусийн Ерөнхийлөгчийн амжилт бол түүний зальжин байдал, илтгэх авьяастай нь зарим талаар холбоотой, түүнчлэн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй ч холбоотой. Федута-гийн ярьснаар бол, 2014 онд Орос улс Украин руу халдан довтолсон нь “бүх хүмүүсийг айлган түгшээсэн” бол Беларусийн “тогтвортой байдал”-ыг  Европын Холбоо үнэлж дүгнэж чаддаг болчихжээ.


Беларусийн Ерөнхийлөгч өөрийгөө Оросын дотнын анд гэж тодорхойлохын сацуу Оросын удирдлагыг шүүмжлэн буруутгадаг. Хэрвээ өөр улсууд ийм үйлдэл хийсэн бол оросууд тэвчихгүй байх байсан. Москвагийн хэт материалист хандлагыг тэрбээр жүжигчин хүний гал халуун үгсийг ашиглан дургүйцэн шүүмжилж байсны сацуу Беларусь улс “эгч”-ийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг илэрхийлж байв. Уянгын халил ихтэй ийм үгс Кремлийн ордныхны сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Ийм учраас «Белтрансгаз» гэдэг компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувийн хяналтын багцыг Орост шилжүүлэн өгөхөөс аргагүй байдалд хүрчээ. Эл компани Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийг хариуцдаг юм.


Крымыг өөртөө нэгтгэсэн, Донбасст халдан довтолсон зэрэг Оросын үйлдлүүдийг Лукашенко дэмжээгүй. 2014 оныг 3 дугаар сард сэтгүүлч Савик Шустер-т ярилцлага өгөх үеэрээ тэрбээр “хэн нэгэн Беларусь руу халдах аваас би хамгийн түрүүнд дайтахаар мордоно”, “өөрсдийгөө хамгаалуулах гэж ард түмэн намайг сонгосон” гэж мэдэгдэж байжээ.


Нийгэм-эдийн засаг, улс төрийн судалгааны Хараат бус хүрээлэнгээс 2016 онд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Беларусийн иргэдийн 70,9 хувь нь Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байв. Хүн амын 10 хувь нь Украины явуулж буй цэргийн ажиллагааг, мөн 10 хувь нь босогчдыг тус тус дэмжиж байжээ.


Орос-Украины харилцаанд гарсан хямралыг далимдуулан Лукашенко зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна гэдгээ илэрхийлжээ. 2015 оны 2 дугаар сард Минск хотод гарын үсэг зурсан гэрээ ёсоор Орос, Украин хоёр Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Франц, Германы дэмжлэгтэйгээр Донбассын асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаа билээ. Харин Европын Холбооны хувьд ардчилсан зарчмуудыг зөрчиж буй явдлыг нүдээ аниад өнгөрүүлэхэд бэлэн байгаа бололтой.  Тус холбоо өмнө нь уг явдлыг “байж болшгүй зүйл” хэмээн буруутгаж байсан юм. 2010 оны 12 дугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэгдсэн эсэргүүцлийн ажиллагааг харгислан дарсны дараа Европын Холбоо Минскийн эсрэг хориг арга хэмжээ авсан бол 2015 онд Лукашенко улс төрийн хоригдлуудыг сулласны дараа тус холбоо хоригуудынхаа ихэнхийг цуцалж, цөөн хэдийг нь бэлгэ тэмдэг маягаар хэвээр үлдээсэн байна.  


Эдийн засгийн салбарт гэвэл, Лукашенко Орос ба Өрнөдийн хооронд дэгдсэн хоригийн дайнаас ашиг олохоор горилж байна. Үүнээс болж тэрбээр Оросын хөдөө аж ахуй, мал аж ахуйн том компаниудтай дайсагналцах болжээ. Оросын компаниуд барууны орнуудын үйлдвэрлэгчид гарч явсны дараа хөдөө аж ахуйн салбарт үлдсэн орон зайг эзлэхийг эрмэлзэж байгаа юм.


Беларусь улс өнөөдөр ЕХ-ны орнуудад үйлдвэрлэсэн барааг Орост аваачиж борлуулдаг бөөний худалдаачин болж хувирчээ. Эдгээр барааг тодорхой хэмжээнд боловсруулснаар “Беларусийнх” болгож хувиргаад Евразийн Эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрт борлуулах боломж байдаг. Харин “Мал эмнэлгийн хяналтын журам” гэдгээ ашиглан Оросын тал зах зээлээ хамгаалсаар байгаа бөгөөд уг журмын дагуу Беларусиас мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглодог тухай эдийн засгийн шинжээч Александр Алесин ярилаа.


Саяхан Москва хотноо Холбооны улсын ирээдүйн төлвийн асуудлаар чуулга уулзалт болсон байна. Беларусийн төлөөлөгчдийн онцлон тэмдэглэснээр бол, Орос, Беларусь хоёр улс өнгөрсөн түүхийг өөр өөр өнцгөөс хардаг ажээ.


Беларусьчуудын хувьд, Польш, Литва хоёр бол үндэсний онцлог ба нэгдмэл төртэй байсан өнгөрсөн үеийн түүхээрээ ижил төстэй улс орнууд ажээ. Беларусь улс Зөвлөлтийн үеэс эхтэй тэгшитгэх бодлогыг баримталж, Зөвлөлтийн үеийн уламжлалд оросуудаас илүү хүндэтгэлтэй ханддаг. 11 дүгээр сарын 4-ний баярын талаарх Минскийн байр суурь ойлгомжгүй байгаа бол Оросын тал 11 дүгээр сарын 7-ны Зөвлөлтийн үеийн баярыг дээрх баяраар сольчихжээ. 17 дугаар зууны үед польшуудыг Кремлиэс хөөсөн үйл явдлыг Москвад тэмдэглэж байгаа бол тэдгээр польшуудын үр удам нь өнөө цагийн беларусьчуудын дотор байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас, ЕХ-ны их сургуулиадад суралцах боломжийг олгодог “Эразмус плюс” гэдэг хөтөлбөрт  Беларусийн оюутнууд олноороо хамрагддаг бол Холбооны улс үүнтэй төстэй зүйлийг одоохондоо санал болгож чадахгүй байна.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://inosmi.ru/politic/20191207/246389258.html

https://elpais.com/internacional/2019/12/04/las_atalayas/1575480278_420195.html

 

 

Холбоотой мэдээ