“Цодгор хүү-2020” тэмцээний ялагчид УАШТ-нд оролцох эрхтэй болжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-08 12:38:26

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбатын нэрэмжит "Цодгор хүү" өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ уламжлалын дагуу  “Цодгор хүү-2020” тэмцээн нэгдүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт боллоо.

Тэмцээнд Ховд аймгийн Дуут, Дарви, Зэрэг, Дөргөн, Буянт, Ховд гэсэн хөдөөгийн зургаан сум болон аймгийн төвийн ерөнхий боловсролын долоон сургуулиас нийт 80 гаруй өсвөрийн шатарчин оролцов. Тэд 5 хүртэлх нас болон 6-7, 8-9, 10-11 гэсэн дөрвөн насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр оюун ухаанаа сорьсон юм.

Тодруулбал, 5 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 10, 6-7 насны төрөлд 20, 8-9 насны төрөлд  27, 10-11 насны төрөлд 29 шатарчин тус тус оролцож, швейцар системээр дөрвөн өрөг тоглосон байна.      

Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Мөнгөнлхагва, програмын шүүгчээр Х.Төмөрбаатар нар ажиллаж, нэгдсэн дүнг гаргав. Үүнд,

5 хүртэлх насны эрэгтэй төрөлд: тэргүүн байрт Э.Оргил, дэд байрт Б.Өнөрбаяр шалгарсан. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байрт А.Номинжин, дэд байрт Г.Ану-Үжин, гуравдугаар байрт  Х.Алтыннур, тусгай байрт М.Нандин-Эрдэнэ шалгарчээ.

6-7 насны эрэгтэй төрөлд: тэргүүн байрт Ц.Сүх-Очир, дэд байрт Б.Мөнгөнтулга, гуравдугаар байрт Б.Ганбаатар, тусгай байрт Г.Дөлгөөнбаяр шалгарав. Мөн эмэгтэй төрөлд тэргүүн байрт М.Анандзаяа, дэд байрт М.Ану, гуравдугаар байрт Б.Бадмаараг, тусгай байрт С.Мөнхжин шалгарлаа.  

8-9 насны эрэгтэй төрөлд: тэргүүн байрт Б.Мөнгөншагай, дэд байрт Г.Эрдэнэбаатар, гуравдугаар байрт А.Алтан-Од, тусгай байрт Б.Даваабаатар шалгарсан. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байрт М.Ялгууун, дэд байрт Л.Сэлэнгэ, гуравдугаар байрт Б.Хулан, тусгай байрт Б.Отгонболор нар тус тус шалгарчээ.

10-11 насны эрэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Мөнгөнтамир, дэд байрт Х.Бекжанат, гуравдугаар байрт Б.Адъяасүрэн, тусгай байрт П.Өнөрмандах тус тус шалгарав. Мөн эмэгтэй төрөлд тэргүүн байрт Г.Теризат, дэд байрт М.Саруул, гуравдугаар байрт Г.Нандин-Эрдэнэ, тусгай байрт Г.Сарнай тус тус шалгарч шагналаа гардан авав. 

Улмаар “Цодгор хүү-2020” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчид 2020 оны 1 дүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотод болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Энэхүү тэмцээн нь орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргах, дэмжихэд чухал ач холбогдолтой аж.

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд “Мянган хожил”, “Хар-Ус нуур”, “Шинэ үе” гэх мэт 20 орчим шатрын клуб үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр шатрын клубээр дамжуулан өсвөр үеийн хүүхдүүдийг хөгжүүлж байгаа учраас “Цодгор хүү” тэмцээнд оролцогчдын ур чадвар улам сайжирч байгаа нь тодорхой харагдлаа гэж шүүгчид онцлон хэлэв.

"Цодгор хүү-2020" өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээний үйл ажиллагааг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шатрын холбоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой.  

Холбоотой мэдээ