Тав хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-09 14:44:46

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гарав.  

Үүнд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног сунгаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэжээ.

Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-20-ны өдөр хүртэлх хугацаанд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарласан байна.  

Түүнчлэн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрчээ.

Үүнээс гадна олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.     

Холбоотой мэдээ