"Ятгах тусам нягтал" аянд албан байгууллагууд идэвхтэй нэгдэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-16 09:14:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэдийг санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг өнгөрсөн долоо хоногоос орон даяар зохион байгуулж байгаа.

Тус аяны нээлт Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр болсон бөгөөд Цагдаагийн газар, Монголбанкны аймаг дахь салбар санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд  хүргэн ажиллаж байна. Аянд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд идэвхтэй нэгдэж эхэлжээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 2019 онд залилах 38 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 53 хувиар өсжээ. Тухайн төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд ашигтай эд бараа зарна гэж хууран мэхлэх, фэйсбүүк хаяг ашиглах, мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, орон байр барьж өгнө зэргээр хүмүүсийг итгүүлэн үйлдэгдэж байгааг албаны хүмүүс онцоллоо.

Иймд иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголт өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаална хэмээн аяныг зохион байгуулагчид үзэж байна.

Холбоотой мэдээ