Японд 1995 оны сүйтгэлт газар хөдлөлтөд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-01-17 13:11:52

ТОКИО. /NHK/. Японы түүхэн дэх хамгийн сүйтгэлт газар хөдлөлтүүдийн нэгд тооцогддог, 1995 онд Кансай бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Кобе хотод боллоо.


Байгалийн гамшиг болсноос хойш 25 жил өнгөрч буйд зориулсан уг ёслолд оролцогчид Кобе хотын Хигашиюэнти цэцэрлэгт хүрээлэнд 5000 лаа асаасан байна. Лаануудыг тус хотын түүхэнд энэхүү эмгэнэлт өдрийг сануулдаг "1.17" тоог болон “кизаму” гэдэг үгийг /япон хэлнээс орчуулбал зүрхэн дээр сийлэх гэсэн утгатай/ дүрсэлсэн хулсан тавиурууд дээр тавьжээ.  Цугласан олон газар хөдөлсөн 05 цаг 46 минутад нэг минут дуугаа хурааж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна. Үүний дараа тэд амиа алдсан 6434 хүн болгоны нэрийг сийлсэн хөшөөнд цэцэг өргөжээ.


Өглөөний ёслолоос гадна, Кобе хотод дурсгалын бас нэгэн арга хэмжээ болох бөгөөд түүнд угсаа залгамжлах хунтайж Акишино, түүний гэргий гүнж Кики нар оролцоно гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн байна.


Ханшин-Аважигийн их газар хөдлөлт гэж нэрлэдэг газар хөдлөлт Японд 1995 оны нэгдүгээр сарын 17-нд болсон юм. Газар хөдлөлтийн голомт нь Аважи арлын хойд хэсэгт байсан боловч Японы гол арал Хоншюгийн эрэгт оршдог Кобе хот хамгийн ихээр өртжээ. Байгалийн гамшиг үүрээр хүмүүсийг унтаж байх үед болсон учраас аймшигт уршиг дагуулж, 6434 хүн амиа алдсан бол 40 мянга гаруй хүн гэмтсэн байна. Мөн 640 мянган байшин сүйдсэний 100 мянга орчим нь бүрэн сүйдсэн бөгөөд 340 мянга орчим хүн орон гэргүй болжээ.


Эмгэнэлт явдалд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Кобе хотоос гадна Японы бусад хотод болдог байна.


 

Холбоотой мэдээ