Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон жагсаал болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-17 14:10:17

ПАРИС. /TASS/. Пүрэв гарагт Францад тэтгэврийн шинэчлэлийн эсэргүүцлийн олон тооны жагсаал болсон байна.


Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Парис хотод болсон жагсаалд 23 мянган хүн оролцсон байна. Харин хараат бус мониторингийн “Occurrence” төвийн мэдээлж байгаагаар нийслэл хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд арай олон 28 мянган хүн оролцжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааг гол зохион байгуулагчдын нэг болох Бүх нийтийн Хөдөлмөрийн нэгдсэн эвлэлийнхэн Дотоод хэргийн яам болон хараат бус төвийн мэдээлснээс хамаагүй илүү тоо дурдсан байна. Тэдний тооцоолсноор, Парист болсон жагсаалд 250 мянган хүн оролцжээ. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал мөн Амьен, Марсел, Тулуз болон өөр олон хотод болсон байна. Эсэргүүцлийн жагсаалуудад нийтдээ 187 мянга орчим хүн оролцсон гэж Францын Дотоод хэргийн яам мэдээлжээ.


Францчууд тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаал зохион байгуулахаас гадна, бүх нийтийн ажил хаялт зарласан юм.  Үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар зохион байгуулж буй ажил хаялт Францад өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-наас хойш үргэлжилж байна. Ажил хаялтад оролцогчдын дийлэнх нь Францын үндэсний төмөр замын нийгэмлэг, Парисын тээврийн газрын ажилтнууд юм. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийн улмаас Францын зарим салбарынхан тэр дундаа тээврийн салбарын ажилтнууд зарим давуу эрх, тэтгэвэрт гарах тусгай эрхээ алдаж магадгүй байгаа ажээ.

Холбоотой мэдээ