“Боловсролын чанар-хөгжил” сургалт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-19 14:04:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас “Боловсролын чанар-хөгжил” сургалтыг Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгууллаа. 


Уг сургалт Алтай хотноо хоёр хоногийн турш үргэлжилж нэгдүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад “Магадлан итгэмжлэл ба мэргэжил сонголт” сэдвийн дор явууллаа. Сургалтаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн талаарх мэдээлэл мөн нийгэмд эрэлттэй мэргэжлүүдийг танилцуулсан юм. 

"Есөнбулаг сумын  сургуулиудын 11-12-р ангийн 619 сурагчид мэргэжлээ сонгоход туслах, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг танилцуулах,  ажил мэргэжлийн чиг хандлагыг танилцуулах ач холбогдолтой  ажил боллоо" хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас онцоллоо.

Нэгдүгээр сарын 18 буюу сургалтын сүүлийн өдөр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, багш, албан хаагчдад боловсролын салбарын хөгжил, чиг хандлагыг танилцуулах, хэтийн төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтаа үргэлжлүүллээ.

"Боловсролын чанар- хөгжил" сургалтыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ