Буянт сум төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбогдоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-20 13:26:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллав.

Энэ үеэр сумын иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, үр дүн, 2020 оны зорилтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ онд Буянт сумын төвийг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбоно. Тиймээс сургууль, сурагчдын дотуур байрны дулааны шугам сүлжээг шинэчлэх асуудлыг эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, тэжээлийн үнийн өсөлт иргэдийн сүүний хэрэгцээг хангадаг малчдад хүндээр тусаж байгааг анхаарах, шинэ Соёлын төвийн тохижилтод дэмжлэг үзүүлэх, орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн саналыг иргэд, сумын удирдлагууд хэллээ.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав иргэдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн тус сумын нэр бүхий төрийн албан хаагчдыг ЭМЯ болон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, урамшуулав.

Түүнчлэн Буянт сумын Эрүүл мэндийн төвд Нярайн судас тодруулагч аппарат, цахилгаан жин хэмжигч гардууллаа.

Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 бүлгийн ширээ, сандлыг иж бүрэн шинэчилж өгөхөөр болов.

Сумын Засаг дарга М.Пүрэв хэлэхдээ: Буянт сумын мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилт хэвийн. 184700 мал өвөлжиж, хаваржина. Харин Харс нуурын ус зайлж, хөлдсөнөөс "Цагаан гол" багт өвөлжиж буй айл өрхүүд мөсөн дээр гэрээ барьсан, малын идэш тэжээл муудсан. Тиймээс тэнд өвөлждөг 60 орчим мянган малын 40-45 мянган мал нь өөр бүсэд өвөлжиж байна гэлээ.

Холбоотой мэдээ