Норвегийн ихрүүд мөнгө, хүрэл медаль зүүлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-20 07:42:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Лозанн хотноо болж буй залуучуудын Өвлийн III наадмын гүйлтийн цанын тэмцээн Vallee de Joux Cross Country Centre-d хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Ням гарагт /2020.01.19/ гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн уралдаан явагдаж буй бөгөөд эмэгтэйчүүд 1,2 км (600 метрийн урттай замыг хоёр тойрог туулах) , харин эрэгтэйчүүд 1,5 км ( 750 м х 2) замыг туулах ёстой.


Эмэгтэйчүүдийн спринтэд гараанаас 82 цаначин уралдсанаас манай тамирчин Б.Номин-Эрдэнэ 3 минут 18.09 секундын амжилтаар 60 дугаар байр, Д.Урангоо 3 мин 27.22 сек амжилтаар 67 дүгээр байрт тус тус орлоо.

Энэ зайд Швейцарын Ш.Вигген 2:46.40 амжилтаар алт, Норвегийн А.Хегген 2:47.87 амжилтаар мөнгө, Шведийн М.Русенберг 2:48.92 амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ш.Вигген өчигдөр 1,8 км-ийн чөлөөт уралдаанд мөн алтан медаль, М.Русенберг мөнгөн медаль хүртэж байсан билээ.


Эрэгтэйчүүдийн спринтэд 86 тамирчин гараанаас гарч манай цаначин О.Золбаяр 3:44.37 амжилтаар 61 дүгээр, Б.Хонгор 4:02.06 амжилт үзүүлж 74 дүгээр байрт орлоо.

Эрэгтэйчүүдийн спринтийн алтан медалийг Шведийн Э.Ангер 3:10.47 амжилтаар хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг Норвегийн ихрүүд Николай Холмбю, Александр Холмбю нар 3:10.97 болон 3:15.51 амжилтаар хүртлээ. Өчигдөр болсон 1,8 км-ийн уралдаанд Николай Холмбю алт, Э.Ангер мөнгөн медаль хүртэж байсан юм.


Ташрамд дурдахад, Монголын 2 цаначин охин хоёулаа 15 настай бол Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай юм.


Гүйлтийн цанын тэмцээн нэгдүгээр сарын 21-нд эмэгтэй 5 км, эрэгтэй 10 км -ийн зайн классик төрлөөр үргэлжлэн явагдах бөгөөд манай дөрвөн цаначин мөн хурд сорих юм.



“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал Лозаннаас мэдээлж байна.

Гэрэл зургийг OIS/ Chloe Knott, Joel Marklund

Холбоотой мэдээ