Шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-21 07:22:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэргэжилтнүүд “2019-nCoV” коронавирус хүнээс хүнд халдварласныг даваа гарагийн орой албан ёсоор мэдээлжээ. Коронавирусээр халдварласан хүмүүсийн дунд эмнэлгийн ажилтан багтаж байна.


Амьсгалын эрхтний эмгэг судлаач, мэргэжилтнүүдийн багийн ахлагч Жун Наньшаний мэдээлснээр, Гуандун мужид бүртгэгдсэн хоёр тохиолдол хүнээс хүнд халдварласан болохыг тогтоожээ.


"Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг одооноос хэрэгжүүлж эхлэхгүй бол шинэ коронавирусний тархалт газар авж болзошгүй" гэж Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ахлах мэргэжилтан Зэн Гуан хэлсэн байна. 


Шинэ коронавирусний тархалтыг зогсооход хүчин чармайлт гаргахыг үүрэг болгожээ


БНХАУ-ын дарга Си Жиньпин уушгины хатгалгаа үүсгэж буй шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний тархалтыг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргахыг даваа гарагт үүрэг болгожээ.


Даваа гарагийн оройн 18 цагийн байдлаар Хятадад коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 224 тохиолдол бүртгэгдсэнээс 7 нь сэжиг бүхий тохиолдол аж. Гадаадын орнуудаас Японд 1, Тайландад 2, БНСУ-д 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Удахгүй эхлэх Хаврын баярын амралтын үеэр зорчигчдын томоохон шилжилт хөдөлгөөн үүсдэг тул урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг Си Жиньпин онцолжээ.


"Коммунист намын хороод, Засгийн газрын бүх нэгж ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн түрүүнд тавьж, вирусний тархалтыг зогсоох үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж БНХАУ-ын дарга нэмж хэлсэн байна.


Төрийн зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг даваа гарагт теле хуралдаан хийж, вирусний тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцжээ. Мөн Үндэсний эрүүл мэндийн комисс нөхцөл байдлыг даван туулж, удирдамж гаргах бүлгийг байгуулжээ. 

Холбоотой мэдээ