Санхүүгийн дотоод хяналт, шалгалтаар 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2020-01-21 12:39:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүү хяналт, дотоод аудитын албаны 2019 оны санхүүгийн хяналт шалгалтаар 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулжээ.
Тус албанаас нийт 1,5 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, 300 орчим сая төгрөгийн зөрчилд акт тавьсан бөгөөд актын хэрэгжилт 96 хувь, албан шаардлагын хэрэгжилт 90 хувь байна гэж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас мэдээллээ. 
Тус албанаас өнгөрсөн онд 15 сумын 82 төсвийн байгууллага, 16 ОНӨҮГ, 58 тусгай сан, нийт 156 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын хүрээгээ өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад шилэн дансны хэрэгжилт аймгийн хэмжээнд 87 хувьтай үнэлэгдсэн нь өмнөх оны үнэлгээнээс дөрвөн хувиар буурчээ. 
Тодруулбал, аймгийн ИТХ, аймгийн Нийтлэг үйлчилгээний газар, зарим хэлтэс агентлаг мэдээллүүдээ оруулахгүй буюу хугацаа хэтрүүлсэн зөрчлүүд байгаа аж.
Санхүүгийн зөрчил арилахгүй байгаагийн шалтгааныг санхүүгийн ажилтнууд тогтвортой ажилладаггүй, шинэ ажилтнуудын мэдлэг чадвар сул байгаатай холбоотой байгааг тус албанаас онцолсон юм.

Холбоотой мэдээ