Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүд отрын бүс нутагт ажиллаж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-21 14:54:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 17-27-нд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нараар ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 17-19-нд Төв аймгийн Лүн, Баянхангай, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Баянцагаан суманд ажиллалаа.

Тус ажлын хүрээнд дээрх сумдад отор нүүдэл хийж яваа 40 гаруй малчинтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан тэдний санал сэтгэгдлийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, нөхцөл байдлын талаар танилцуулжээ.

Эрдэнэдалай суманд өвөлжиж байгаа малчдын хувьд байдал нэлээд хүндхэн байгаа бол бусад аймгийн нутагт өвөлжиж байгаа малчдын хувьд нөхцөл байдал харьцангуй гайгүй, зөрчил маргаан бага гарч байгаа ажээ.

Мөн отор нүүдэл хийж яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, Мал эмнэлгийн газраас малын эрүүл мэндийн талаар зөвлөж, шаардлагатай эм, тарилгыг хүлээлгэн өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ