УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-22 09:05:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж.


Түүнчлэн 11.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм. Тус байнгын хороо Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол 14.00 цагт Өргөдлийн байнгын хороо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсоно.


Мөн 15.00 цагт Цахим бодлогын түр хороо хуралдахаар товлосон байна. Тус хороо 2019 оны 6 дугаар сарын 05-ны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох юм.

Холбоотой мэдээ