“Улаанбаатарын өвлийн наадам” 10 дахь жилдээ болно

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-22 15:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам”  Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд байрладаг “Скай Резорт”-д хоёрдугаар сарын 8-9-нд болно.

Энэхүү наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, өвлийн улирлын спортын мэргэжлийн холбоод хамтран 10 дахь жилдээ зохион байгуулах юм.

Тус наадам дэлхий дахинд Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үе, хойчдоо өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлийнхэндээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх зорилготой. Наадмыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдэх болсон бөгөөд олон улсын хэмжээний өвлийн наадам болон өргөжиж байна.

Наадам уламжлалт мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбийн тэмцээний төрлөөр явагдана.


Холбоотой мэдээ