Б.Энхтүвшин:Хамгийн сайхан амьдрал хөдөөд бий

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-22 16:08:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Орон нутгийнхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээн амжилт гаргаж яваа олон шилдэг залуус эх орны өнцөг булан бүрт амьдарч ажиллаж явна. Тэдгээрийн нэгэн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Б.Энхтүвшинг энэ удаа онцоллоо. Тэрээр гэр бүлийнхээ бизнесийг хөл дээр нь босгосон ажилсаг, авхаалжтай, зорилготой нэгэн юм.

Орон нутагт бизнес эрхэлж буй залуус бид ч гэсэн амжилттай явж чадна гэдгээ Улаанбаатарт байгаа найзууддаа харуулахыг хүссэн юм хэмээн ярьсан түүний энэ үг хотод бус хөдөөд илүү сайхан амьдарч болдог юм шүү гэдгийг баталсан зорилготой, чиглэлтэй хүний үг ажээ. Б.Энхтүвшин хүүхэд байхаасаа аавынхаа үүсгэн байгуулсан үхэр үржүүлгийн бизнест дэм болж, үхэртээ тэжээл тавьж өгөх, өвөлжөөгөө цэвэрлэх зэрэг ажлыг хийж тусалдаг байжээ. Эрээн бараан хосолсон хүний хорвоог яалтай билээ. 2009 онд Энхтүвшинг 15 настай байх үед аав Баасанжав нь өөд болсон байна. Энэ үеэс хойш амьдралын ачааг нуруундаа үүрсэн ээж нь өр төлбөрөө дарахын тулд аавынх нь шагналд авч байсан казахын цагаан толгойт үхрийг зарах үе амьдралд нь тохиолдсон аж. Ингээд түүнийг 2015 онд ХААИС-ийн малзүйн ангийг төгсөх үед аавынх нь үлдээсэн бизнесээс ердөө 40 үхэр үлдсэн байж.

Их сургуулиа дүүргэсэн хүүгийн чин хүсэл нь аавынхаа бизнесийг сэргээх байв. Ингээд түүний ажлын хамгийн эхний ажил чанартай бух худалдаж авах байсан аж. Ингээд залуу малзүйч маань өндөр ашиг шимтэй үхэр үржүүлгийн ферм байгуулах сайн бизнес төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ үйл ажиллагаа бүрийг нэг бүрчлэн сайтар бодож төлөвлөн дүү Б.Амартүвшингийнхээ хамтаар хичээн зүтгэсэн зүтгэл нь тэднийг Мерси Кор Монгол байгууллагаас таван сая төгрөгийн тэтгэлэгт хүргэжээ. Тэд энэ мөнгөөрөө хоёр настай казахынцагаан толгойт бух худалдан авсан байна. Ингээд ажиллаад ирэхээр түүний ойр орчныхон, хөршүүдээс нь эхлээд бухнаас гарах төлийг худалдан авах сонирхол их болсон байна. Түүний хүсэл мөрөөдөл талаар болсонгүй, амжилттай бизнес эрхлэгч болох, хөдөөд сайхан амьдарч болдгийн үлгэр жишээг ийн эхэлжээ. Тэрээр таван жилийн дотор 100 тоо толгой үхэртэй болох, өөрийн эзэмшлийн газарт малын тэжээл тариалах, мал бордох хашаатай болж, махны үйлдвэрлэл эрхлэх хэтийн зорилготой ажиллаж байна. Б.Энхтүвшин “аавын минь бизнес бараг бүрэн сэргэсэн. Би бизнестээ дахин хөрөнгө оруулж, бух худалдан авч, аавынхаа сүргийг дахин сэргээж байгаадаа баяртай байна” гэлээ.

Малын буян, тэр дундаа үүлдэрлэг, ашиг шим өндөр малын хишиг дундаршгүй гэдгийг залуу малзүйч аль хэдий нь олж харжээ. Хөдөөд хангалуун сайхан амьдрал залуусаа угтан, хүлээсээр байгаагийн нэгэн жишээ энэ буюу.       

Холбоотой мэдээ