Завханд байнгын асаргаа шаардлагатай 189 хүүхэд тэтгэмж авдаг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-23 12:14:11

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг нэмсэн тухай Завханы Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Тухайлбал нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123100 төгрөг. Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ. Завхан аймгийн хувьд халамжийн тэтгэврийг нийт 1746 иргэн авч байна. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 1176 иргэн сар бүр тэтгэмж авдаг байна.

Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 41 хүүхэд, 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 189 хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн тогтоолын дагуу дээрх иргэд өмнө нь сар бүр 76-174000 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан бол шинэ тогтоолоор 84500-188000 төгрөгийн тэтгэмжийг авахаар боллоо. Энэ тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ хэмээн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тус тус мэдээллээ. Ташрамд, Монгол Улсад халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. Харин 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй  11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.

Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байжээ.

 

Холбоотой мэдээ