Худалдааны томоохон төвүүдэд зөрчлөө арилгахыг шаардав

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2020-01-22 18:05:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй "Монхангай", "Моннидер", "Макс хүнс", "Боса импекс", "Үлэмж гросерс", "Наран фүүдс" ХХК-иуд болон "Жетро", "Well mart", "Home plaza" зэрэг супермаркет дэлгүүр, худалдааны төвүүдэд зөвлөмж хүргүүлээд байна. 

Тухайн худалдаа, үйлчилгээний газрууд "Хэрэглэгчийн мэдээллийн төв"-тэй байж, бараа бүтээгдэхүүний нэр, заавар танилцуулгыг монгол хэлээр бичиж, хэрэглэгч үйлчлэгч нарт сонголт хийхэд нь туслаж мэдээллээр хангахыг зөвлөмжид тусгажээ. Мөн бараа, бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралыг Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн, Зар сурталчилгааны хуульд нийцүүлэн үнэн бодитой байлгах, хэрэглэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. 

Мөн ШӨХТГ "Өрсөлдөөнийг дэмжих жил"-ийн хүрээнд дээрх хуулиудыг хангах зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-наас энэ сарын 6 хүртэл хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ. Энд “Номин тав трейд” ХХК-ийн “УИД-Номин”, “Наадам” салбар, “XI хороолол” салбарууд, “Скай хайпермаркет” ХХК-ийн ХУД “И-март”, БГД “И-март” хайпермаркет салбарууд, “ТТЕМ” ХХК “Ханбүргэдэй” төв салбар, “Алтан жолоо” групп “УБ-Сансар” салбар, СБД-т байрлах “Гэжо” ХХК-ийн “Уулзвар” ресторан-бар, БГД “БСБ” ХХК-ийн “Life style” тавилгын их дэлгүүр зэрэг газар хамрагджээ. 

Хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчид худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй, хаяг, шошгын зөрчилтэй, бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэмтсэн хадгалалтын горимыг зөрчсөн, бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих журамд заасны дагуу хэрэглэгчдийн гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хэрэглэгчийг чирэгдүүлдэг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 


Тухайлбал, импортлогч аж ахуй эрхлэгч нар дотооддоо савладаг гэх будааны шошгод "Japan №1 brown rise" гэж импортлогч орны эрх бүхий байгууллагаас батламжилсан сертификатгүйгээр худалдан борлуулж байжээ. Мөн БНХАУ-ын "Harbin", "Tsingtao"  шар айрагны эхлэх, дуусах хугацаа ойлгомжгүй байв. 


Мөн "И-Март" худалдааны төв зарим төрлийн согтууруулах ундааг хямдралтай барааны адил улаан өнгөөр үнийг бичиж, тусад нь байршуулсан, "Скай хайпермаркет" ХХК-ийн оруулж ирдэг "Likor hirschen" брэндийн зөөлөн чихрийн цуглуулга, "Haribo" брэндийн резинэн гэх чихрийн баглаа боодол задарсан, хадгалалтын горим алдагдаж, бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт орсон байжээ. 

Зөрчил гаргасан “Номин тав трейд” ХХК-ийн УИД “Номин” худалдааны төв, “Скай хайпермаркет” ХХК-ийн ХУД “И-Март” худалдааны төв, СБД-т байрлах “Уулзвар” лоунж зэрэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна.

ШӨХТГ-аас хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу зөрчил давтан илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээг авахыг мэдэгджээ. 


Холбоотой мэдээ