Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-23 07:52:02

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны Засгийн газрын боловсруулсан “Brexit”-ийн нөхцөлийн тухай хуулийн төслийг лхагва гарагт тус улсын парламентын хоёр танхим хоёул баталлаа.


Телевизийн “Sky News” сувгаар мэдээлснээр, Лордуудын танхимын өндөр язгууртнуудын санал болгосон бүх өөрчлөлтийг Нийтийн танхим хүлээж авахаас татгалзсаны дараа тус танхим хуулийн уг төслийг батлахаас аргагүйд хүрчээ. Одоо хуулийн төслийг Эрхэмсэг хатан хаан II Елизавета албан ёсоор батлах ёстой. Хатан хаан энэ долоо хоногт пүрэв эсвэл баасан гарагт гарын үсэг зурах төлөвтэй байна. Үүний дараа “Brexit”-ийг хэрэгжүүлэхийн тулд Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах тухай гэрээг Европын парламент батлах ёстой.


Их Британи ЕХ-ноос нэгдүгээр сарын 31-ний 23:00 цагт гарах ёстой бөгөөд үүний дараа шилжилтийн үе эхэлж, энэ үед талууд худалдааны хэлэлцээ хийх юм.


Холбоотой мэдээ