МҮОХ-ны гишүүн спорт холбоодын шатрын нөхөрсөг тэмцээн болно

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-01-23 14:47:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос гишүүн спорт холбоодын хамтын ажиллагааг дэмжих, спортын төрлүүдийг сурталчлах зорилгоор спорт холбоодын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ удаагийн нөхөрсөг тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр МҮОХ-ны хурлын танхимд шатрын спортын төрлөөр болох бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо ажиллах юм.


Швейцар системээр 7 өрөг тоглож дүнг гаргах бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд чанарын үзүүлэлтийг харгалзана. Тухайлбал, Хоорондын хожил, бухгольц, медиан бухгольц /онооны үзүүлэлт/, цэвэр хожлыг харгалзаж оноог тооцно. Тэмцээний тоглолт талдаа өрөг дуустал 15 минут, нүүдэл бүрт 10 секундийн нэмэгдэлтэй байх юм.


Тус тэмцээнд оролцогч нь Дэлхийн болон Монгол Улсын шатрын спортын цолгүй байх бөгөөд МҮОХ-ны Гишүүн спорт холбоод бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй оролцогч тоглох эрхтэй юм байна.

 

Холбоотой мэдээ