Монголд ирсэн жуулчдын тоо 9 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-23 17:24:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр 2019 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхоос 5.5 (0.1%) мянгаар буурчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 37.4 хувь нь Замын-Yүд, 21.0 хувь нь Буянт-Ухаа, 11.7 хувь нь Гашуун сухайт, 10.7 хувь нь Алтанбулаг, 5.7 хувь нь Шивээ хүрэн, 13.5 хувь нь бусад боомтоор орсон байна.     


2019 онд Улсын хилээр гадаадын 636.9 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхоос 38.5 (6.4%) мянгаар өсжээ. Тэдний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 8.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 2.0 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. 


Хилээр орсон гадаадын зорчигчдын 59.6 (9.4%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, харин 577.3 (90.6%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор хил нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо өмнөх оныхоос 47.9 (9.1%) мянгаар өссөн байна. 


Тухайлбал, Вьетнамын жуулчид өмнөх оныхоос 357 (50.7%), Хонконгийнх 1190 (38.1%), Өмнөд Солонгосынх 17095 (20.3%), Малайзынх 331 (19.1%), Японых 3429 (16.3%) хүнээр тус тус өссөн бол Турк улсынх 825 (30.6%), Украин улсынх 308 (20.0%), Австрали улсынх 481 (6.4%) хүнээр тус тус буурчээ. 


Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 605.9 (95.1%) мянга нь насанд хүрсэн, 408.3 (64.1%) мянга нь эрэгтэйчүүд, 228.5 (35.9%) мянга нь эмэгтэйчүүд, 31.0 (4.9%) мянга нь хүүхэд байна.   


2019 онд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.9 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

   

Хилээр орсон гадаадын зорчигчдын 32.7 хувийг БНХАУ-ын иргэд, 23.0 хувийг ОХУ-ын иргэд, 16.2 хувийг БНСУ-ын иргэд, 4.0 хувийг Япон Улсын иргэд, 3.1 хувийг АНУ-ын иргэд, 2.6 хувийг Казахстан Улсын иргэд, 18.4 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.  

Холбоотой мэдээ