Олон улсын шүүх рохинжа үндэстнийг хамгаалах шийдвэр гаргалаа

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-24 11:48:07
Yesukheitumur Tumurbaatar

АМСТЕРДАМ. /BBC/. Олон улсын шүүх рохинжа лалын шашинтнуудыг хоморголон устгах үйл ажиллагаа явуулахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг Мьянмарт үүрэг болгожээ.


Төрийн зөвлөх Аун Сан Су Чи сарын өмнө Мьянмарыг чиглэсэн олон улсын шүүмжлэлийн эсрэг хувь хүнийхээ хувиар эх орныхоо байр суурийг хамгаалан мэдэгдэл хийж байсан ч шүүх ийм шийдвэр гаргасан байна. 


2017 онд Мьянмарын үндэсний цөөнх болсон рохинжа үндэстнийг цэргийн хүчээр нухчин дарах үеэр олон мянган рохинжа амиа алдаж, 700 мянга гаруй хүн хөрш Бангладеш улс руу дүрвэжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад хоморголон устгах үйл ажиллагаа дахин давтагдаж болзошгүйг НҮБ-ын шинжээчид анхааруулсан байна.


Африкийн лалын шашинт үндэстнүүдийн томоохон төлөөлөл болох Гамбичууд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн эхлэх хүртэл Мьянмарын цэргийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг Олон улсын шүүхэд уриалжээ.

Холбоотой мэдээ