Бээжинд шинэ жилийн баярын бүх томоохон үйл ажиллагааг цуцалжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-24 10:26:44

БЭЭЖИН. /RIA Novosti/. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид уламжлалт яармаг худалдаа, олон нийтийн зугаалга зэрэг шинэ жилийн баярын томоохон арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргалаа.


Билгийн тооллоор Хятадад нэгдүгээр сарын 25-нд шинэ жилээ тэмдэглэнэ.


"Хүний амь нас, эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, өвчний дэгдэлтэд хяналт тавих, урьдчилсан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавихаар төлөвлөж байна" гэж Бээжингийн Соёл, аялал жуулчлалын газар мэдээлжээ.


БНХАУ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, шинэ төрлийн вирусийн халдвар авсан хүний тоо 830-д хүрч, 25 хүн нас баржээ. Нас барсан тохиолдлын 24 нь Хубэй, нэг нь Хэбэй мужид бүртгэгдсэн байна.


Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн Хонконгийн эрх баригчид Билгийн тооллоор шинэ он гарч байгааг тохиолдуулан нэгдүгээр сарын 25-28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан олон улсын багт наадмаа цуцалсан байна. Одоогийн байдлаар Хонконгт уг вирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


 


Холбоотой мэдээ