АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-24 10:48:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Ирантай холбоотой хоригийн жагсаалтаа өргөтгөлөө гэж тус улсын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газрын мэдэгдэлд дурджээ.


Хоригийн жагсаалтад Ираны нэг, мөн БНХАУ-ын нэг иргэнийг оруулсан байна. Үүнээс гадна, Арабын Нэгдсэн Эмирт Улсын нэг, БНХАУ-ын таван компанид хязгаарлалтын арга хэмжээ авжээ.


“Ираны үндэсний нефтийн компанийн /NIOC/ хэдэн сая ам.долларын транзит тээвэрт оролцож байгаа нефть, хийн болон нефтийн компаниудад хориг арга хэмжээ авж байна. Ираны нефтийн салбар Лалын хувьсгалыг хамгаалах корпус болон тус корпуст ойр террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг. Нефтийн салбар бол Ойрхи Дорнодод явуулж буй хортой үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг Ираны дэглэмийн орлогын гол эх үүсвэр юм. Эдгээр компани АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин Ираны нефтийн экспортод тусалдаг” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Хориг арга хэмжээнд өртсөн хүмүүс болон компаниудын АНУ-д эзэмшдэг бүх хөрөнгийг битүүмжилдэг бөгөөд Америкийн иргэд тэдэнтэй бизнесийн аливаа үйл ажиллагаа явуулах хориотой.


Холбоотой мэдээ