БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-24 10:57:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Лондон хотноо “Нэг үеийнхэн: Боловсролыг өөрчлөхөд юу шаардлагатай вэ” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд энэ сарын 20-22-нд болсон Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов.

Хэлэлцүүлэгт 95 орны боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцож, боловсролыг шинэчлэх, боловсролын салбар дахь урт хугацааны тогтвортой зорилгыг хангах, боловсролын манлайллыг бий болгох, суралцах үйл явцыг дэмжих технологийг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцсанаас гадна томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дэлхийн боловсролын чиг хандлагын талаарх судалгаагаа танилцууллаа.

Боловсролыг үр өгөөжтэй олгохын тулд технологийн дэвшлийг ашиглах, интернэтийн өсөн нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд учирч буй бэрхшээлээс бид суралцаж чадаж байгаа эсэх тал дээр бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Чуулга уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг ИБУИНХУ, Мьянмар, Бутан зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн, Кэмбриджийн сургалтын олон улсын үнэлгээний төвийн төслийн багийнхантай уулзаж, Кэмбриджийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх асуудлаар санал солилцсон юм.


Холбоотой мэдээ