Хүүхдийн цэцэрлэгийн хоолонд цагаан идээ, жимсийг түлхүү өгч байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-24 21:23:13

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2019 оны 12-р сарын 18-ны өдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг нэмэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон.

Архангай аймгийн хэмжээний 36 цэцэрлэгт 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгийн үндсэн бүлэгт 5758, хувилбарт сургалтад 1961, нийт 7719 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. СӨБ-ын хамран сургалт 85.8 хувьтай байгаа.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор хоолны цэсэнд ямар өөрчлөлт орсон талаар сурвалжилга хийлээ.


Эрдэнэбулган сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгт энэ хичээлийн жилт нийт 250 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Хүүхдийн 1-р цэцэрлэгийн бага ангийн багш Б.Гантуяа: “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэн учраас манай цэцэрлэг хүүхдүүддээ сүү, тараг, ааруул, жимсийг сайн өгч байгаа” гэв.

Үүний дараа тус цэцэрлэгийн ахлах тогооч Н.Амаржаргалтай уулзлаа.

-Хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор хоолны цэсэнд ямар өөрчлөлт орсон бэ?

-Өөрчлөлт орсон. Манай цэцэрлэг 11.00 цагийн унданд бор цай юмуу зөгийн балтай ус өгдөг байсан. Хоолны мөнгө нэмэгдсэнээр 7 хоногт гурван удаа сүү өгч байна. Хоёр удаа ааруулын шүүс өгдөг болсон. Энэ цагт хүүхэд 15-20 хувийн илчлэг авах ёстой. Цагаан идээг түлхүү өгч байгаа. Тараг, өрөм, шар тос гээд. Мөн ногоон төрлийн ногоог өгч байгаа. Брокколи, бууцай, хулуу гээд.  


-Алим, банана гэх зэрэг жимсийг жимсээр нь өгч байгаа юу?

-Өгдөг болсон.

-Цагаан идээ, жимсийг 5 өдрийн хоолны хэдэн хувьд хүргэсэн бэ?

-Жишээ нь 11.00 цагийн унданд сүү өглөө гэхэд хоолны мөнгөнөөс хамаараад нэг бүтэн эсвэл тал алим өгч байна. Жимс, жимсгэнийг долоо хоногт хоёр удаа өгдөг болсон. Бас шүүс хэлбэрээр сайн орж байгаа. Өмнө нь 2 кг байсан бол одоо 3-4 кг болоод нэмэгдээд ирж байгаа учраас нэлээд өтгөн шүүс хүүхдүүддээ өгч эхэлсэн. 

-Хүүхдүүд цэцэрлэг дээр байх хугацаандаа хоол хүнснээсээ авах ёстой шим тэжээл, илчлэгээ авч чадаж байгаа юу?

-Ер нь бол авч байгаа. Хамгийн их илчлэгтэй хүнсэнд гурилан бүтээгдэхүүн, мах орж байгаа. Тэрийгээ нормын дагуу хуваарилж хоолоо хийж байна даа.

-Цагаан идээгээ хаанаас авч байна вэ?

-Тендерт шалгарсан Ихтамир сумын фермерийн аж ахуйтай хүнээс байнга авдаг. Өглөө бүр шинэ тараг, сүүг нийлүүлдэг.

-Хүүхдийн мөнгө нэмэгдсэн гээд нийлүүлэгчээс үнэ өртгийг нэмсэн асуудал гарсан уу?

-Одоохондоо сүү, цагаан идээ, хүнсний ногоонд мэдэгдэхгүй байна. Харин махны үнэд өөрчлөлт орж, 1000-1200 төгрөгөөр нэмэгдсэн.

-Цаашид юунд анхаармаар байна вэ?

-Манай аймагт хоолны материалын олдоц маш бага. Ялангуяа буурцагт ургамлын төрлүүд тун ховор. Бас цөцгий нийлүүлэх газаргүй гээд асуудлууд байна.


6-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Аззаяа: “ЭМГ-аас ирүүлсэн өдөрт 250 гр сүү, таргийг өг гэсэн чиглэлийн дагуу өгч байгаа. Хүүхдүүдэд өгч байгаа цагаан идээ нэмэгдсэн. Транс тосыг хориглосон. Үүний оронд зөөхийг хайлуулж, шар тос гарган хүнсэнд хааяа хэрэглэж байна. Нэг хэцүү нь зөөхийг ихээр нь нийлүүлэх хүн алга. Бас наранцэцэгийн тосыг хориглоод байгаа. Шар тосны хомсдолоос болоод наранцэцэгийн тосыг хэрэглэж байгаа”.

11-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Энхцэцэг: “Манай цэцэрлэг өдрийн дөрвөн хоол, ундны аль нэгэнд аарц, сүү, ааруулны шүүс, талхтай халуун хайлмаг зэргийг заавал өгч байна. Урд жилүүдийг бодвол цагаан идээ, жимсийг сайн өгч байна. Манай цэцэрлэгийн цагаан идээ, бусад хоолны материалыг нэг компани нийлүүлдэг. Тараг байхгүй учраас манай хүүхдүүд тараг уухгүй байгаа. Тендерт “компани” гээд зарлачихаар яг үнээнийхээ сүү, таргийг өгдөг малчин иргэн хасагдчихдаг. Мал идээтэй малчдыг дэмжээд сургууль, цэцэрлэгийн сүү, тарагны хэрэглээг хангах хэрэгтэй байгаа юм. Дэлгүүрээс нийлүүлж байгаа нь бол хуурай сүү. Бид харин саналаа өгсөөр байгаад “Сүү” ХК-ийн “Дээж” сүүг сүүлийн үед авдаг болоод байна.


-Цэцэрлэгүүдэд үнээний цэвэр сүү таргийг өдөр бүр, тасралтгүй хангах хэрэгцээ, шаардлага байгаа юм. Тэгвэл энэ чиглэлээр ямар байр суурьтай байгаа талаар аймгийн ХХААГ-ын Захиргаа аж ахуйн албаны дарга Д.Төгсжаргалаас лавлав.

-“Засгийн газрын 400 дугаар тогтоол “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр үнээний түүхий сүүгээр сургууль, цэцэрлэгийг хангах боломжтой болох юм. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор тусгай сангуудын зээлийн бодлогоор дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө сургалт мэдээллийг манай газраас хийж байна.


Харин аймгийн хэмжээнд сүүний чиглэлээр фермерийн аж ахуй эрхэлдэг хэдэн аж ахуй нэгж, иргэн байдаг талаар аймгийн ЗДТГ-ын хөдөө, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дархижаваас тодруулахад, "Аймгийн хэмжэээнд 75 иргэн, аж ахуйн нэгжид 263.4 мянган толгой мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлж байна” гэв.

Холбоотой мэдээ