УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-24 20:44:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзжээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн юм.



УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдох хэргийг шалгахад албан тушаалын бүрэн эрх нь саад болж байгаа тул түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзсэн гэдгийг тус дэд хорооны дарга Ц.Нямдор мэдээлсэн юм. Мөн тэрбээр нийгэмд үүсээд буй хардлага, сэрдлэгийг эцэслэхийн тулд бүрэн эрхээсээ татгалзан шалгуулаад, нэр төрөө сэргээлгэх нь зөв гэлээ.


Уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ