Уханьд байгаа 31 монгол иргэнээ шуурхай татна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-26 13:51:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад холбогдох албаныхан мэдээлэв.  


Монгол Улсын Шадар сайдын гаргасан журмын дагуу коронавирусний халдварын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр, Монгол Улс коронавируст халдварын хамгийн эрсдэлтэй орон гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь өнөөдрийн 13.00 цагийн байдлаар БНХАУ-д 2001 хүн коронавирусний халдвар авсан, 56 хүн нас барсан байна. Түүнчлэн Монгол Улсын хилийн орчимд буюу Эрээнхот, Хөххот, Шинжаан зэрэгт халдвар илэрчээ. Уг өвчин нь агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг болохыг дэлхийн эмч, мэргэжилтнүүд албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Өвчин цаг цагаар хурдацтай тархаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийнхээ үеэр анхааруулж байв. 


Иймд Засгийн газрын хуралдаанаар, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмж, оношлох багаж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн ажилчдыг илүү цагаар ажиллуулах нэмэлт ажлын хөлсөнд шаардагдах зардлыг шийдвэрлэжээ. Ингэхдээ, эмнэлгийн хэрэгсэл, оношлох багаж, тоног төхөөрөмжийг шууд гэрээ байгуулах замаар яаралтай худалдан авахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв. 


Мөн хуралдаанаар, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтоор авто болон явган зорчигчийн хөдөлгөөнийг даваа гарагаас эхлэн хязгаарлахаар шийдвэрлэжээ. Үүнд агаарын болон төмөр замын тээвэр хамаарахгүй юм. 


Улсын онцгой комиссын баасан гарагийн хуралдаанаар төрийн өмч хамаарахгүй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргаад байсан. Тэгвэл өвчлөлийн тархац болон дээрх үнэлгээнд үндэслэн их дээд сургууль болон МСҮТ-ийн сургалтыг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ. Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газар зэргийн үйл ажиллагааг ч хориглосныг Шадар сайд мэдээлэлдээ онцоллоо.  


Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан теле болон цахим хичээл явуулахыг ХХЗГ-ын дарга Г.Чинзориг, ХХМТГ-ын дарга Б.Чинбат нарт даалгасан байна. Шинэ коронавирусээс сэрэмжлүүлэх мэдээллийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбоогоор үнэ төлбөргүй нийлүүлж олон нийтэд хүргэхийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгст даалгасныг тэмдэглэв. 


БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын 31 иргэн байна. Тэднийг эх оронд нь авчрах ажлыг Хятадын талтай ярилцаж маргаашийн дотор зохион байгуулахыг БСШУС-ын сайдад үүрэг болгосон. Түүнчлэн иргэдийг үнэн бодитой мэдээллээр хангах, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс мэдээ мэдээллийг гол нэг шугамаар өгч байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "Бид цөөхүүлээ ард түмэн. Элдэв худал мэдээлэл тарааж, ард түмнээ төөрөгдүүлэхгүй байхыг хүсэж байна. Эрүүл мэндийн сайдын хувьд, нэг урсгалаар баттай мэдээлэл өгөх болно. ДЭМБ, БНХАУ-ын ЭМЯ-наас албан ёсоор өгсөн мэдээлэлтэй холбогдуулан асуудалд бодитой хандах хэрэгтэй. Энэ вирусээс хайртай хүмүүсээ хамгаалах гурван үндсэн зөвлөмж бий. Нэгдүгээрт, гараа маш сайтар савандаж угаах, хоёрдугаарт хүүхэд болон өөртөө маск зүүж хэвших, гуравдугаарт, халдвартай оронд зорчихгүй байх юм. Нөгөө талаар, дархлаа дэмжих витамин хэрэглэх, мөн уламжлалт арга буюу чацарганы шүүс, аарц зэргийг уух хэрэгтэйг зөвлөж байна" гэлээ. 


Мөн тэрбээр, манай улсын ХӨСҮТ нь дэлхийн 120 лабораториор итэмжлэгдсэн тэдэнтэй долоо хоног бүр мэдээллээ солилцдог олон улсын түвшинд хүрсэн, 21 төрлийн вирусийг оношлох чадавхтай гэдгийг цохон тэмдэглэлээ. Одоогоор дэлхийн улс орнууд шинэ коронавирусийг оношлох боломжгүй байгаа тул тодорхойгүй вирусээр өвчилсөн хүмүүсийг коронавирусээр өвчилсөн хэмээн үзэж байгаа юм байна. Харин Хятад улс уг өвчнийг оношлох анхны төхөөрөмжийг хийсэн байна. Монгол Улс туршилтын оношлуурыг маргааш худалдан авна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв. 


Хэдийгээр манай улсад халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй ч ХӨСҮТ-ийн 50 ортой тасгийг олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд нэмж 150 нөөц ор бэлдсэн гэдгийг хэллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр мэргэжлийн зөвлөл байгуулжээ. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Сургууль, цэцэрлэгийн сургалтыг зогсоосонтой холбогдуулан бүх төрлийн олон нийтийн цуглааныг зохион байгуулахгүй байх талд анхаарч ажиллахыг даалгасан. Гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд өмнө нь сурагчдын амралтыг сунгах үеэр хууль дүрэм мөрдөөгүй асуудал гарсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа сургууль цэцэрлэг бүр хууль, дүрмийг мөрдөх ёстой. Томоохон зах, худалдааны төвд урьдчилан сэргийлэх ажлыг шаардлагатай тохиолдолд шийдвэрлэж хэрэгжүүлнэ. Мөн ЭМЯ, бусад холбогдох байгууллагатай хамтран нийслэл руу орох гарах товчоодын хяналтын цэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна" хэмээв. 


Ташрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн коронавирусээр өвчилсөн. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр, 08.50 цагийн байдлаар 324 хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ