Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-27 12:31:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ,  НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Энэ сарын 26-ны өдрийн байдлаар 46828 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 36 өрх өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэж мэдээлэв.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, “Мэргэжлийн хяналтынхан автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж өнгөрсөн амралтын өдрүүдэд 2229 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. Иргэдээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирээгүй. Гэхдээ түүхий нүүрс тээвэрлэн оруулж ирэх асуудал тасрахгүй байна” хэмээв. Харин агаарын чанарын хувьд өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад PM 10 37 хувиар, PM2.5 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг түгээж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа. Мөн иргэдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол  угаах зэргээр хувийн ариун цэврийг сайтар хангахыг мэргэжлийн хүмүүс анхааруулав.

Холбоотой мэдээ