Амралт биш ХӨЛ ХОРИО

Монголын мэдээ | Нийтлэл
ariunbold@montsame.mn
2020-01-27 13:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаав. Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газрын үйл ажиллагааг ч хориглоод байна.


Энэхүү хөл хорио нь БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэж АНУ, БНСУ зэрэг 14 оронд тархаад буй коронавирус Монголд тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэр болохоос амралт биш гэдгийг иргэд анхаарах нь чухал юм. Иргэд бага насны хүүхдээ тоглоомын төвөөс эхлээд олон хүн цугласан газраар дагуулж явах нь вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнгүй болгох эрсдэлтэй билээ.


Шинэ төрлийн коронавирус асар хурдацтай тархаж байгааг тоо баримтууд тод харуулна. Тухайлбал, энэ сарын 21-нд коронавирусээр халдварласан хүн БНХАУ-д 217, Япон, Тайландад тус бүр нэг байсан. Харин ДЭМБ-ын өнөөдрийн мэдээлэлд (2020.1.27-ны 10.00 цагийн байдлаар) коронавирусээр 2796 хүн халдварлаж, 80 нь нас барсныг дурджээ. Халдварласан хүмүүсийн дийлэнх нь буюу 2761 нь БНХАУ-ын иргэн байгаа бол АНУ, БНСУ, Япон, Тайланд зэрэг 14 оронд 35 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр Монгол Улсад коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч БНХАУ-тай хил залгаа оршдог тул өндөр эрсдэлтэй орны тоонд орж буй.


Ердөө 3.3 сая хүн амтай, түүнийх нь 50 хувь нэг дор төвлөрч буй Монгол Улсад агаар дуслын замаар халдварладаг энэ вирус тархвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц томоохон эрсдэлтэй нүүр тулна. Энэ эрсдэлтэй тулах ч тун дөхсөн. Тодруулбал, энэ сарын 23-нд Бээжин-Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд зорчиж байсан БНХАУ-ын иргэн өндөр халуурсан тухай мэдээг хүлээн авч, улмаар хил нэвтрүүлэхгүйгээр Эрээн хотод үлдээсэн байна. БНХАУ-ын талаас өгсөн мэдээллээр дээрх иргэнд коронавирус илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 24-нд мэдээлсэн юм. Тиймээс иргэдийг хөл хорионы дэглэмийг мөрдөж, өөрийн болон үр хүүхэд, ойр дотныхноо хамгаалахыг зөвлөж байна.


Коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;

4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

7. Түүхий ус уухгүй байх;

8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;

10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Холбоотой мэдээ