П.Улаанхүү: Ховд аймагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-27 14:41:05

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй асуудал бол шинэ төрлийн коронавирусний халдвар юм.

Үүнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн өвчлөл гарсан гэх албан бус мэдээлэл цахим орчинд тархаад байна. Түүнчлэн уг халдвараар өвчилсөн иргэн амиа алджээ гэх ташаа цуурхал иргэдийн дунд ам дамжин ярьж байна.

Тиймээс албан ёсны мэдээллийг Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ: Монгол Улс, төдийгүй Ховд аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Харин тухайн өвчтөн нь H3N2 буюу томуу, томуу төст өвчний вирусээр өвчилсөн, уушигны архаг эмгэгтэй болох нь оношилгоо, шинжилгээгээр тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, БОЭТ-ийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна гэв.  

Тус иргэн нь 2019 оны 12 дугаар сарын 08-нд БНХАУ-ын Хубей мужийн Ухань хот руу суралцахаар явсан. Улмаар энэ оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод иржээ.

Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 15-нд бие нь тавгүйрхсэн. Энэ сарын 16-нд Улаанбаатар хотоос Ховд аймаг чиглэлд приус автомашинаар гурван хүний хамт иржээ.

Тэрбээр замд явахдаа цустай ханиасан тул Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн анхан шатны тусламж авсан. Улмаар энэ сарын 18-нд Ховд аймаг дахь БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт үзүүлж, шаардлагатай шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан аж. 

Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлсэн. Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг хангах,  иргэд олон нийтэд хандсан мэдээллийг нэг цэгээс хүртээмжтэй үнэн бодит хүргэхэд анхаарна гэж хэллээ.    



Холбоотой мэдээ