Билли Айлиш таван “Grammy” хүртжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-01-27 14:30:06

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Америкийн поп дуучин Билли Айлиш “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Оны шилдэг дуу” зэрэг таван шагнал хүртжээ.


Өдгөө 18 настай тэрбээр мөн “Оны шилдэг цомог” шагналын эзнээр тодорсноор уг шагналыг хамгийн залуудаа хүртсэн Тейлор Свифтийн амжилтыг шинэчилсэн байна. Мөн Б.Айлиш “Grammy” наадмын дөрвөн гол шагналыг хүртсэн бөгөөд хамгийн сүүлд 1981 онд Кристофер Кросс ийм амжилт үзүүлжээ.


“Grammy-2020” наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн орой болж өндөрлөсөн юм.


Энэ удаагийн арга хэмжээ болохоос хэдхэн цагийн өмнө Америкийн домогт тамирчин, “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Коби Брайант ослын улмаас харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан цугласан алдартнууд түүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ