ЭМЯ: Ухань хотоос оюутнуудыг авчирсан тохиолдолд шууд тусгаарлана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-27 14:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЭМЯ өнөөдөр мэдээллээ.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар, өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар шинэ коронавируст халдвараар 2796 хүн өвчилж, 80 хүн нас баржээ. Тодруулбал, БНХАУ-д 2761, бусад оронд 35 өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас барсан тохиолдол зөвхөн БНХАУ-д бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 30 муж, Макао, Хонконг, Малайз, Тайвань, Сингапур, АНУ, БНСУ, Япон зэрэг 14 оронд халдварын тохиолдол илэрчээ.


Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар /ТЗУГ/-ын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, “БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлж буйгаар 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаагаас 49 хүн бүрэн эдгэрсэн байна.  Монгол Улстай хил залгаа газар нутгийн хувьд, Өвөрмонголд 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Харин Монгол Улсад шинэ коронавируст халдвар бүртгэгдээгүй” гэж мэдээлсэн юм.

Гэхдээ энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын 8 дугаар журмын дагуу хийсэн үнэлгээгээр шинэ коронавируст халдварын эрсдэлийн түвшин хоёр хоногт дундаас өндөр эрсдэлтэй зэрэгт шилжсэн байна.


ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Монгол Улсын хувьд, БНХАУ-д коронавируст халдварын анхны тохиолдол илэрснээс хойш эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын талаарх эрсдэлийн үнэлгээг гурав дахь удаагаа хийж, хариу арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангаж, хилийн цэгүүдэд тандалт судалгааг эрчимжүүлэх ажиллагаа явуулж байна. Мөн олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангах нь чухал” гэдгийг тодотгов.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал, “БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх асуудалд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллага  хамтран ажиллаж байна. Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн. БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ. Тэднийг авч ирсэн тохиолдолд шууд тусгаарлана. Ингэхдээ дэлхий нийтээр баримталдаг дүрэм журмын дагуу ажиллана. Өвчний нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд, эцэг, эхчүүд тэдэнтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн энэ үеэр шинэ коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санаатай шуугиан тарих,  илт ташаа мэдээлэл тараах явдал их байна. Тиймээс иргэд найдваргүй эх үүсвэрээс зайлсхийж сандарч тэвдэлгүй тайван байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэйг албаныхан онцоллоо.

Ташрамд мэдээлэхэд, шинэ төрлийн коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, илүү цагаар ажиллаж байгаа юм байна.

                                                                                                                                                                                 П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ