Иргэдийг амны хаалтаар шуурхай хангахыг ханган нийлүүлэгчдэд үүрэг болгов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-27 17:19:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын хурал дөнгөж сая өндөрлөв. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, өнөөдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглов.

"Бид аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаа хийлээ. Өнөөдөр өглөө аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, Онцгой комиссын бэлтгэл ажлыг хангах тухай Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газарт үүрэг өгсөн байсан. Онцгой комиссын хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Үүнд Засгийн газар, улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, үүсээд буй нөхцөл байдал болон аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар түвшинд байгаа талаар мэдээлэл сонслоо. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргаж байгаа аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, Онцгой комиссын гишүүд, албан байгууллагууд, сумдад албан даалгавар хүргүүлж байна" хэмээн аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга А.Гылымхан хэллээ.

Хуралдааны дараа аймгийн Онцгой комиссын удирдлага, гишүүдээс дараах асуултуудад хариулт авлаа.

-Өнөөдрийн байдлаар Өлгий хотын бүх эмийн санд амны хаалтны нөөц дуусч, хомсдол үүссэн байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл: Баян-Өлгий аймагт эм ханган нийлүүлэлтийн 3 төв байдаг. Сүүлийн гурав хоногт тэдний нөөц шавхагдсан. “Монос” компанийн нөөц маргааш Улаанбаатар хотоос аймаг руу гарна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Аймгийн Засаг даргын даалгаврын дагуу ханган нийлүүлэгчдэд ойрын хугацаанд амны хаалт нийлүүлэхийг үүрэг болгосон байгаа. Одоо албажуулж албан бичгээр бас хүргүүлэх болно. Өнөөдөр аймгийн хэмжээнд 25 эмийн сан байгаа. Тэдэнд бүх нөөц боломжоо ашиглахыг энэ ташрамд уриалж байна.


- Цагааннуурын боомтоор орж ирж байгаа зорчигчдыг газар дээр нь шинжлэх боломж бүрдсэн үү? Оношлуураар хангасан уу?



Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Лхагважав: Хилээр орж ирж байгаа зорчигчдоос МХЕГ-ын даргын 192 дугаар тушаалын дагуу 19 асуумжаар эрүүл мэндийн мэдүүлэг хуудас бөглүүлж авч байна. Үүнээс гадна зайны халуун хэмжигчээр зорчигч болгоны халууныг хэмжиж, тээврийн хэрэгслүүдийг хуурай замаар ариутгал халдваргүйтгэлд хамруулан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар халуурсан, өвчний шинж тэмдэг бүхий зорчигч бүртгэгдээгүй. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс байгууллагын санхүүжилтээр дөрвөн халуун хэмжигч, хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисоор хилийн боомт дахь алба хаагчдаа хангав.


- Улаанбаатар хотод байгаа оюутнуудыг Баян-Өлгий аймаг руу татах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?


Аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол: Одоогоор Улаанбаатараас наашаа ирэхээр 765 хүн тасалбар авсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 10, маргааш 6 автобус гарна. Ирэх хүмүүсийн тоо нэмэгдвэл нэмэлт автобус гаргана. Автобус бэлэн байгаа.   

- Сум хооронд зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийх үү?


Аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол: Одоохондоо сум хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хязгаарлалт байхгүй. Зөвхөн БХНАУ-ын Эрээн, Тайкешкен боомт явах тээврийн хэрэгслүүдийг хязгаарласан байгаа.  


Холбоотой мэдээ