Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1500 орчим ном бүтээл хандивлав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-28 10:01:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологи болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын ургамал судлалын шинжлэх ухааны анхдагчдын нэг, эрдэмтэн Г.Эрдэнэжав агсны хувийн номын сангаас  ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1000 орчим ном, 400 орчим авторефератыг хандивлалаа.

Ном хандивлах ажиллагаанд Г.Эрдэнэжав агсны  шавь нар болоод түүний гэргий, ач хүүгийн хамт ирж оролцсон юм. Түүний эхнэр Монгол Улсын гавьяат багш Д.Чимгээ, “Би ханийнхаа захиасаар эдгээр ном бүтээлийг өөрийнх нь ажлын гараагаа эхэлсэн байгууллагад нь бэлэглэж  байна. Эдгээр ном бүтээл нь бүгд орос хэлээр хэвлэгдсэн, ховор суурь судалгааны бүтээл” гэдгийг тодотгож байлаа.

Мөн энэ үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох Г.Эрдэнэжав эрдэмтний гэр бүлд талархал илэрхийлээд, “Монгол Улсын төв номын сан болоод их, дээд сургуулийн номын санд байхгүй  нэн ховор суурь судалгааны бүтээлээр манай хүрээлэнгийн номын сан баяжиж байгаад баяртай байна. Их эрдэмтний маань үлдээсэн энэ өв олон судлаач нарын гарын авлага болж, тэдний шинжлэх ухаанд оруулах хувь нэмэрт том тус  болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

АНУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэжав 1961 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ботаникийн тасгийг байгуулсан (Ц.Даваажамц, Д. Банзрагч, Г.Эрдэнэжав)  гурван анхдагч ботаникч эрдэмтний нэг юм.  

Тэрбээр  1961 оноос шинжлэх ухааны байгууллагын системд орж 50 гаруй  жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал, захирал, ХААЯ, ХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө Аж Ахуйн Шинжлэх ухааны Зөвлөлийн дарга, энэ хоёр яамны нэгдүгээр орлогч сайдаар тус тус ажиллаж байв.

Шинжлэх ухааны байгууллагын системд ажилласан 50 гаруй жилд хийсэн түүний эрдмийн ажлыг нь хураангуйлж тодорхойлбол:

Ганц сэдэвт зохиол ном 30, гадаад (орос) -монографи - 4 

Эрдэм шинжилгээний өгүүлэл - 130;

Ботаник, ургамлын аж ахуйн (растениеводство) сэдвээр Монголын ашигт ургамал ба хөдөө аж ахуйн таримлын тухай сэдэвт бүтээл – 3

Шинжлэх ухааны докторын (Sс.D) зэргийн ажлыг удирдаж хамгаалуулсан - 7;

Эрдмийн зэрэгтэй ажилтан  (Рh.D) - 25 ажилтанг сургаж, хамгаалуулсан байна.

ОХУ, Казах, Узбек, Украин зэрэг улсын доктор (Sc.D) ба Рh.D зэргийг хамгаалсан 30 диссертацид албан ёсны шүүмж бичжээ.

Профессор Г.Эрдэнэжав бол шинжлэх ухааны суурь судалгаа ба сорил туршилтын ажлыг үйлдвэрлэл хэрэглээтэй нягт уялдуулж, нийгэм эдийн засгийн тодорхой салбарт мэдэгдэхүйц үр ашиг олох хүртэл зохион байгуулах, удирдах ур чадварын ухааныг эзэмшсэн ботаникч, ургамалзүйч  эрдэмтэн хүн юм байна.

 

 

 

Холбоотой мэдээ