Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-01-28 11:17:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хийгээд дэлхий нийтийг цочроогоод байгаа корона буюу титэм вирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ханиад томууны нөхцөл байдлыг үнэлж дүгнэх зорилгоор аймгийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 27-нд боллоо. 

Хуралдаанаар олон нийтийн үйл ажиллагаа болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх, шөнийн клуб, караоке, дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлтгэж эмнэлгийн тусламж оношлуур, ариутгал үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн Замын-Үүдэд өвчтөн тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, аймгийн Онцгой байдал, Эрүүл мэндийн газар үнэн зөв бодит мэдээлэл иргэдэд түргэн шуурхай хүргэх, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудад нэн шаардлагатай амны хаалт, малгай, гадна орчны халдваргүйжүүлэгч, бээлий, гутал, гар ариутгагч, комбинзон зэрэгт 50 сая төгрөг, хилийн мэргэжлийн байгууллагуудыг витаминжуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.



Холбоотой мэдээ