Арвайхээр, Тарагт болон Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-28 13:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.


Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.


Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ