Нүдний даралт өвчнийг хямд зардлаар эмчлэх нөхцөл бүрдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-28 14:19:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын болон торлогийн эмгэгийг лазерын аргаар мэс засал хийх аппаратыг өнөөдөр нийлүүллээ.

Өмнө нь Монгол Улсад байгаагүй орчин үеийн дэвшилтэт технологийг ийнхүү нэвтрүүлснээр сохрох шалтгаан болдог нүдний даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж олгож байгаа аж.  

Улсын Гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, “Манай эмнэлэг жилдээ 16 мянга орчим хүнд нүдний амбулаторийн үзлэг шинжилгээ хийдэг. Үүнээс лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай 2500 орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү явуулдаг. Монгол Улсад нүдний даралтын лазерын мэс заслын аппаратаар эмчилгээ хийдэг хувийн эмнэлэг бий.  Нэг хүн 70-80 мянган төгрөгөөр эмчлүүлдэг. Харин торлогийн эмгэгийн  лазер мэс засал 200-300 мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Манай эмнэлэг энэхүү технологийг нэвтрүүлснээр иргэд илүү хямд зардлаар эмчлүүлэх нөхцөл бүрдэж байна” гэв. 

Монгол Улсад зайлсхийж болох сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихдэх өвчний эмчилгээг төрийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хийдэг. Энэ нь  иргэдэд хүлээлт, ачаалал үүсгэдэг.  Тиймээс энэ эрэлт хэрэгцээг үндэслэн Улсын гуравдугаар эмнэлэгт дээрх аппаратыг нийлүүлж байгаа аж. 

                                                                                                                                                                                     П.Хүслэнтуяа



Холбоотой мэдээ