БНХАУ, ДЭМБ коронавирусний тархалтыг хязгаарлах чиглэлд хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-28 15:22:06

БЭЭЖИН. /Kyodo/. БНХАУ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 4500 гаруй хүн халдварлаж, 100 гаруй хүн нас барсан коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 


"Учир битүүлэг, аминд халтай вирусний тархалтыг хянах нарийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ хэмээн ДЭМБ найдаж байна" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй Бээжин хотноо мягмар гарагт уулзах үеэрээ хэлжээ.


Үүний хариуд Ван И, Хятад улс энэхүү хямралыг даван туулна гэдэгт “итгэлтэй” байна хэмээн хэлжээ. Уг вирусний халдвар 10 гаруй оронд бүртгэгдсэн хэдий ч ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаагүй байгаа юм.



Хятадад даваа гарагийн оройны байдлаар коронавирусний халдварын улмаас 106 хүн нас барж, 4500 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс Бээжинд 80, Шанхайд 66 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Мөн даваа гарагт Бээжин хотод коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Шанхай хотын эрх баригчид хүнс болон дэд бүтцийн салбараас бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фирмүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 9 хүртэл зогсоожээ.


Хятадын Эрүүл мэндийн газрын удирдлагууд уг вирус хүнээс хүнд халдварладгийг тогтоосноос хойш вирусний халдварын эрсдлийг бууруулах зорилгоор гадуур гарахгүй байж, нийтээр цуглахаас зайлсхийхийг ард иргэддээ хандан уриалсан байна.


Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр вирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн Хятадын төв нутгийн Хубэй мужийн Ухань хот нь Бээжин хотоос өмнөд зүгт 1000 орчим километр зайд оршдог байна. Ухань нь бизнесийн томоохон төв бөгөөд 11 сая хүн амтай юм.


Халдварын тархалттай холбогдуулан өнгөрсөн долоо хоногоос хойш тусгаарласан Ухань хотоос АНУ мягмар гарагт тусгай нислэгээр иргэд, дипломат ажилтнуудаа нутаг буцаах төлөвтэй байна. Мөн Японы Засгийн газар Ухань руу мягмар гарагийн орой тусгай нисэх онгоц илгээж, иргэдээ нүүлгэн шилжүүлнэ гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги өнөө өглөө мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эрх баригчидтай вирусний асуудлаар нягт харилцаа холбоотой байгаагаа даваa гарагт мэдэгдээд, шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэхэд бэлэн гэж "Twitter" хуудсандаа нийтэлжээ. Коронавирусний халдварын тохиолдол Япон, БНСУ, Шри Ланка зэрэг Азийн орнуудад бүртгэгдсэний зэрэгцээ Европ, Хойд Америк, Австрали тивд тус тус бүртгэгдээд байна.


Шинэ төрлийн коронавирус нь амьсгалын замын цочмог халтай хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ зэрэг амьсгалын замын ноцтой, аминд халтай өвчнийг үүсгэдэг вируснүүдээс ялгаатай юм.


Уг вирусээр халдварласан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд далд үе нь 10 орчим хоногийн турш үргэлжилдэг боловч 14 хоног хүртэл үргэлжлэх боломжтой гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлжээ. Мөн шинж тэмдгүүд илрэхээс өмнө бусдад халдварлах боломжтой байна.


Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ухань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаас цуглуулсан сорьцоос их хэмжээний коронавирус илэрсэн бөгөөд уг захад зэрлэг амьтдыг мөн худалдаалдаг ажээ. 

Холбоотой мэдээ