Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-28 15:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаатар: “2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавируст халдвар бүртгэгдээгүй. Бидний та бүхэнд өгөх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бол, өвчтөн "М" 34 настай, эрэгтэйн тухай юм. Тэрээр БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны 1 дүгээр сарын 19-нд очсон. Онгоцонд байхад нь шинж тэмдэг илрээгүй бөгөөд Мельбурнд ирснийхээ шөнө халуурсан. Энэ сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-аар дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна” гэсэн мэдээллийг авлаа.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манайх 2005 онд гарсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийг дагаж мөрддөг. Энэ дүрмийг ДЭМБ-ын 106 орон дагадаг. Энэхүү дүрмээр ямар нэгэн халдварт өвчин бүртгэгдсэн орондоо буюу өөрөөр хэлбэл Австралийн нэр дээр бүртгэгдэж байгаа. Мөн дээрх дүрэмд, ямар хүнийг өвчтэй гэж үзэх, ямар тохиолдолд сэжигтэй гэж тооцох талаар заасан байдаг. Өчигдөр Хонконгийн онгоцоор халуурсан хүн ирэхэд хамт ирсэн бүх иргэнийг тусгаарлах хэрэгтэй гэсэн шаардлагыг зарим хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тавьж байна. Энэ нь ОУ-ын Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд нийцэхгүй. Хоёрдугаарт онгоцонд суухад нь бүгдэд нь амны хаалт зүүлгээд, маш сайн шалгаж авчирч байгаа учир эмнэлэгт тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн.

Т.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ