Хос хэлний сургалтын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал 5 дугаар сард болно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-28 16:13:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, Боловсролын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран “Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг ирэх тавдугаар сарын 5-ны өдөр МУИС-д зохион байгуулна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, боловсрол судлаачдыг татан оролцуулах, Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын цаашдын чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлох зорилготой бөгөөд зохион байгуулах асуудлаар "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэл, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран ажиллана.

Судлаачид эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын харилцааг зохицуулж буй бодлого, эрх зүйн орчин, хос хэлний сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал /хос хэлний сургалтын арга зүй, багшлах боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ/, олон улсын сайн туршлага, хос хэлний сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах нь зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ