“Соёлыг түгээе” аян Сүхбаатар аймагт үргэлжиллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-28 16:36:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа "Соёлыг түгээе" төслийн нээлт энэ сарын 25-нд Сүхбаатар  аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сум бүрийн төлөөллөөс бүрдсэн 500 гаруй эмэгтэй хамрагдаж, хандлагаа өөрчлөн хамтдаа хөгжихийг дуу нэгтэйгээр уриалж байлаа.

Соёлыг түгээх багт МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, өв соёл түгээн дэлгэрүүлэгч МУСТА Б.Нарандэлгэр, жүжигчин МУСТА А.Ганчимэг нар багтжээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо салбар салбарын манлайлагч залуусыг соёл түгээгч гэж нэрлэн, тэдгээрээр дамжуулан өсвөр үеийнхэн, цаашлаад эцэг эхчүүдэд Монголын нийгэмд үлгэр жишээ болохуйц иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх шаардлагатай гэж үзэн энэхүү аянаа эхлүүлсэн. Соёлын довтолгоо урт хугацааны төсөл байна. Энэ бол шууд утгаараа хүмүүсийн хандлагыг өөрчлөх, бусдыг соён гэгээрүүлэх л зорилготой ажил. Энэ аяны хүрээнд аймаг, сумын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан олон өдөрлөг, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн гол нь бид асуудлыг холоос биш ойроос, хэн нэгнээс биш өөрөөсөө хардаг болох цаг болсон. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, дижитал эрин үе, дижитал хувьсгал хийж буй энэ цаг үед дасан зохицох хэрэгтэй. Энэ бүхэнд ирээдүй залуу үеэ бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрсдөө үүнийгээ бүрэн ухамсарлаж ойлгох шаардлага гарч ирж байна. Тиймээс бид энэ соёлыг түгээхийг зорин ажиллаж байна. Зорилго маань ч очсон газар бүрт биелэлээ олж, иргэд маань тэр дундаа эхчүүд, охид бүсгүйчүүд маань энэ үйл хэргийг дуу нэгтэй дэмжиж байгаад талархалтай байна гэж Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэллээ.


Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд "Соёлын довтолгоо-2" төслийн хүрээнд "Соёлыг түгээе" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт тодорхой хуваариудын дагуу дээрх үйл ажиллагааг ззохион байгуулахаар төлөвлөжээ. Хамгийн гол нь нийгэм цаг үеийн шилжилтийн энэхүү он жилүүдэд дэлхийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж буй шинэ эринд дасан зохицох чадвартай, үндэсний өв соёл, уламжлал  ёс жудгаа хадгалж хамгаалах, соёлч боловсон боловсрол мэдлэгтэй, мэдлэгээ ашиглан баялаг бүтээж хэрэглэж чаддаг, хүмүүнлэг энэрэнгүй шинэ үеийн залуусыг бэлтгэхийг зорьж байгаагаа тэд  онцолж байлаа.

Холбоотой мэдээ